1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул аймгийн нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн болон төвийн аймгуудын нутгаар бага зэргийн бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 28-33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 25-27 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд зарим газраар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд нутгийн баруун хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт амралтын газар хоолны зааланд гал гарч байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 05:27 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай, нэмэлт дуудлагаар мөн ангийн 2 алба хаагч, 2 автомашинтайгаар, нийт 8 алба хаагч, 4 автомашинтайгаар 4 км зам туулж, 05:37 цагт очиж, 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн “Далан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ Хэрлэн голд тус багийн харьяат Д /13 настай, эрэгтэй/ ороод живсэн тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 алба хаагч, 1 автомашин, 1 дрон, 3 завьтайгаар 3 бүлэгт хуваагдан тус сумын 9 дүгээр багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс Баянтүмэн сумын “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл нийт 32 км-т “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 08.19-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний дэргэд “Туул” голд хүн живж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 16:57 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 20 км зам туулан 17:23 цагт очиж, 30 минут ажиллаж, “Туул” голд живж амь насаа алдсан иргэн Т /28 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгийн бетон гүүрний дэргэд “Туул” голд 2 иргэн машинтай урсах гээд байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 09:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 7 км зам туулан 10:13 цагт очиж, 1 цаг 14 минут ажиллаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суугч иргэн Л /63 настай, эрэгтэй/, Ж /64 настай, эмэгтэй/ нар ”Тоёото Рав-4” загварын суудлын автомашинтай голын усанд урсах гэж байсныг гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР