Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Аймгуудын нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 28-33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зарим газраар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн  дуу цахилгаантай бороо орно. Салхи 19-нд зарим газраар, 20-22-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсанНийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10:07 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 10:14 цагт очиж, 5 минут ажиллан унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багт иргэн Б /30 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 08.12-ны өдрийн 09:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд хамтран ажиллана уу гэсэн хүсэлтийг тус сумын Цагдаагийн хэлтсээс 08.15-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн хэлтсийн 4 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 7 хүн, 3 автомашин, нийт 19 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр тус багийн “Ар мухар”, “Нарангийн-Ам”, “Нарангийн даваа”, “Орхироо”, “Уртын-Ам”, “Тариат”, гэдэг газруудаар 5 хэсэгт хуваагдан нийт 110 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  Баянхангай багийн “Ноёдын алтны уурхай”-аас 16:40 цагт иргэн Б-г эсэн мэнд олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн “Далан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ Хэрлэн голд тус багийн харьяат Д /13 настай, эрэгтэй/ ороод живсэн тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, 1 автомашин, 2 завьтайгаар 3 бүлэгт хуваагдан Хэрлэн сумын 9 дүгээр багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс Баянтүмэн сумын “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл нийт 32 км-т “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 6 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.18-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 02:53 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашин 5 км замыг туулан 03:06 цагт очиж 15 минут ажиллан тус дүүргийн харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/-ийн баруун хөлний шилбэ, өвдөгний орчмоор зүсэгдсэн байсныг анхан шатны тусламж үзүүлэн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top