1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Өмнөговь аймгийн нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн уулархаг нутаг Дорнод-Монголын тал нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 20-25 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд нутгийн баруун хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Ганцын задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 12:04 цагт очиж 10 минут ажиллаж унтраан, эзэнгүй байсан тул Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 14:36 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 14:43 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Б-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Архангай аймгийн Хотонт сумын Улаан-Чулуут багийн “Тэмээн хүзүүний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 8 км-т/ зам, тээврийн осол болж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 100 км замыг туулан 10:50 цагт очиход Архангай аймгаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын чиглэлд зорчиж явсан тус сумын харьяат иргэн Г-гийн /47 настай, эмэгтэй/ эзэмшлийн “Гранд Марк-2” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хотонт сумын чиглэлд зорчиж явсан тус сумын харьяат иргэн Д-гийн /27 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Грейс” микро загварын суудлын автомашинтай /6 зорчигчтой/ мөргөлдөж иргэн Г автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг 03:25 цаг ажиллан цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд зам, тээврийн осол болж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 20:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 6,5 км замыг туулан 20:39 цагт очиход Улаанбаатар хотоос Тэрэлж амралтын газрын чиглэлд зорчиж явсан тус дүүргийн харьяат иргэн У-гийн /37 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Грейс” микро загварын суудлын автомашин /1 зорчигчтой/, Налайх дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат иргэн М-ийн /28 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Хино” загварын ачааны автомашинтай /1 зорчигчтой/ мөргөлдөж, Налайх дүүргийн харьяат иргэн Ү /48 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э /5 настай, эмэгтэй/ 08.19-ний өдрийн 16:00 цагийн үед гэрээсэ гараад сураггүй болсон, “Хараа” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 82 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 112 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр тус багийн “Ширээ нурууны нутаг”, Орхон сумын “Бүрэн толгой”, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Хараа” голын гүүр хүртэл 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт эрлийг түр зогсоож, 08.21-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд цахилгаан шатанд хүн гацсан тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 22:49 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 23:01 цагт очиж, 15 минут ажиллан тус дүүргийн харьяат иргэн Б /32 настай, эмэгтэй/, М /7 настай, эмэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг аварч, аюулүй болгосон.
Баянгол дүүргийн 3 дугаар хороонд бага насны хүүхэд тагтан дээр уйлж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 01:03 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 01:11 цагт очиж Дархан-Уул аймгийн харьяат М /5 настай, эрэгтэй/ тагтан дээр байсныг хаалгыг онгойлгон М-ийг аварч, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР