1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дорноговь, Орхон, Ховд аймгийн нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 25-27 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” захын зүүн талд зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 09:27 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч, 3 автомашинтай 3.5 км замыг туулан 09:33 цагт очиж, 4 давхар зочид буудлын 2 дугаар давхрын өрөөнд эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 13 иргэнийг аюулгүй газар гаргаж, тус барилгын 3 дугаар давхрын цонхоор иргэн У /37 настай, эрэгтэй/ үсэрч, хөлийн шагай хэсгээрээ бэртсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлсэн өгсөн.
Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 13 дугаар сургуулийн баруун талд цэцэрлэгийн гал тогооны өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 18:09 цагт очиж, гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 13:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.4 км замыг туулан 13:31 цагт очиж, 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 18:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 18:55 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 20:16 цагт очиж, 2х4 метрийн хэмжээтэй түлээний амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 23:06 цагт очиж, байшингийн хойд хана, дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
3.Мэдээлэл:
Үйл ажиллагааны талаар: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ “Хэрлэн“ голд цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн газраас 08.22-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:09 цагт очиж, голын эргээс 30 метр зайд тус сумын харьяат З /21 настай, эрэгтэй/-гийн цогцос усны мандал дээр хөвж байсныг 20 минут ажиллан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Дорнод аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн “Хулсан шанд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс хойд зүгт 2 км-т/ “Хэрлэн” голд цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн газраас 08.22-ны өдрийн 19:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 21:25 цагт очиж, голын эргээс 40 метрийн зайд тус сумын харьяат иргэн Э /эрэгтэй, 35 настай/-гийн цогцос усны мандал дээр хөвж байхад нь 27 минут ажиллан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР