Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Говь-Алтай, Дархан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.  Өдөртөө 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд төв болон говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 25, 26-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 20:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 20:31 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллан унтрааж, эзэнгүй байсан тул цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлж багийн “47-ийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 7 км-т/ зам, тээврийн осол болж, автомашины төмөр хийцэд 2 иргэн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 20:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 20:55 цагт очиход Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Орхон аймгийн харьяат иргэн М /38 настай, эрэгтэй/-ийн эзэмшлийн “Тоёото приус-20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдож тус аймгийн харьяат иргэн Б /46 настай, эрэгтэй/, иргэн А /42 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад, иргэн М ослын газарт нас барсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top