Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорноговь аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с, баруун аймгуудын нутггийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос  6-11 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32 дугаар гудамжинд автомашины тэвшин дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 20:58 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 21:07 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашины тэвшин дээр 6 ширхэг дугуй шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн задгайд гүний худаг шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 09:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 09:20 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй гүний  худгийн дээврийн хэсэг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 11:41 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 11:48 цагт очиж, 12х4 метрийн хэмжээтэй байшингийн жижиг өрөө, эд хогшил, шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  17 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 12:44 цагт хүлээн авч  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашингаар 5.5 км замыг туулан 12:56 цагт очиж, 4х3 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Түлээтийн 2 дугаар гудамжинд Иргэн М, Б нарын байшин, амбаар, гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 15:06 цагт очиж, амбаар,  “Резо” загварын суудлын автомашин, эд хогшил, байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 38 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан багт Сэврэй сумын харъяат иргэн А-гийн эзэмшлийн мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 15:30 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 15:35 цагт очиж, 6 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт иргэн Б, Ц нарын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 15:32 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 15:40 цагт очиж, 5 ханатай 2 гэр шатаж байсныг 7 минут ажиллан унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн “Шинэ нисэх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 6 км-т/ зам, тээврийн осол болж, автомашинд 1 хүн дарагдсан тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 11:54 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 12:05 цагт очиход тус аймгийн харьяат иргэн М-ийн /34 настай, эрэгтэй/ эзэмшлийн /4 зорчигчтой/ “Тоёото Ланд Круйзер-100” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдож тус аймгийн харьяат иргэн С /34 настай, эрэгтэй/ автомашинд дарагдаж нас барсан байсныг 1 цаг 25 минут ажиллан цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Цагаан сайрын булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 53 км-т/ Хөвсгөл  аймгийн Цагаан-Уул сумын харъяат иргэн Б /49 настай, эрэгтэй/ 08.26-ны өдрийн 03:00-06:00 цагийн хооронд алтны уурхайн ажилчдын гэрээс гараад сураггүй, усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 14:15 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, сумын нутгийн захиргааны байгууллагын 5 алба хаагч, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр алтны уурхай, “Цагаан сайрын гарам”-аас голын эрэг дагуу 2 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 23:00 цагт зогсоон, 08.27-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дархан-Уул аймгийн Орхон сумын  Энхтал багийн “Орхон” голын “Хар усны тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд 30 км-т, сумын төвөөс баруун урд 35 км-т/ Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Э /41 настай, эрэгтэй/ 08.23-ны өдрийн 23:30 цагт ажилчдын гэрээс согтуу гараад сураггүй, усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Цагдаагийн  байгууллагын 2 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 23 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр тус сумын Орхон голоос 33 км урсаж, 3 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Элстийн нуга” гэдэг газар “Орхон” голын усанд осолдсон байсныг 08.26-ны өдрийн 19:10 цагт олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top