Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 29, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн баруун хагаст,1-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 30, 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 9 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Объектын түймэр: 

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Этлон компорт” ХХК-ийн агуулахад эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 21:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 22:08 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 12:48 цагт очиж, 4 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Нарлаг дэнж багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 17:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 17:44 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Б /4 настай, эрэгтэй/, Д /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан, 2 хүүхдийн цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Сонжин болдог” гэдэг газар авто замын зорчих хэсэгт иргэн С-ийн эзэмшлийн “Тоёото стима” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 20:47 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 30 км зам туулан 21:18 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 21:33 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан, 21:38 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Цагаан сайрын булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 53 км-т/ Хөвсгөл  аймгийн Цагаан-Уул сумын харъяат иргэн Б /49 настай, эрэгтэй/ 08.26-ны өдрийн 03:00-06:00 цагийн хооронд алтны уурхайн ажилчдын гэрээс гараад сураггүй болсон бөгөөд усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 14:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, сумын нутгийн захиргааны байгууллагын 5 алба хаагч, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.27-ны өдрийн 11:45 цагт “Цагаан сайр”-ын гарамаас /баруун урд зүгт 10 км-т/ “Дов” гэдэг газар, “Цагаан сайр”-ын голоос цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Нурангинаас /эрэн хайх аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багт хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 08.27-ны өдрийн 07:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2 км зам туулан 07:51 цагт очиж, 9 минут ажиллаж, иргэн Д /23 настай, эрэгтэй/ бохирын нүх ухаж байгаад хана нь нурж 70 см орчим шороонд дарагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд дулааны худагт цогцос байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 12:08 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 6,5 км зам туулан 12:24 цагт очиж, 30 минут ажиллаж, нэр, нас, хүйс нь тодорхойгүй цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Баяндэлгэр сумын “Аягын-Ам” гэдэг газар /Нийслэлийн Багануур дүүргээс баруун зүгт 18 км-т/ иргэн Ө-гийн эзэмшлийн “Тоёото стима” загварын бага оврын автобус /хөгжлийн бэрхшээлтэй 26 зорчигчтой/ шаварт суусан тухай дуудлагыг 08.27-ны өдрийн 20:48 цагт хүлээн авч Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 18 км зам туулан 22:03 цагт очиж, 20 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top