Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын усчин аврагч, ахлах ахлагч Ц.Төмөрбаатартай уулзаж ярилцлаа. Тэрээр Онцгой байдлын албатай ажил, амьдралаа холбон 10 гаруй жил болж, амжилттай ажиллаж яваа нэгэн юм.
– Хүн бүрийн ажил мэргэжлээ сонгож, амьдралын гараанд хөл тавьсан түүхүүд хэзээ ч давтагдашгүй дурсамжийг бүтээж байдаг. Таны хувьд Онцгой байдлын алба хэмээх хүндтэй атлаа хүнд албыг яагаад сонгож, тангараг өргөх болсон юм бэ?
– Хүүхэд байхдаа л цэргийн сургуульд орохыг мөрөөддөг байлаа. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд, Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд орж, 2001 онд холбоочин аврагч мэргэжлээр төгсөөд аймагтаа хуваарилагдсан ирсэн. Түүнээс хойш тасралтгүй 18 дахь жилдээ албаа хашиж байна. Хүнд хэцүү ч гэсэн нэр хүндтэй, ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө ажилладаг болохоор ажил мэргэжилдээ дурласан даа.
– Энэ хооронд хичнээн дуудлагад явсан бол тооцож үзэж байв уу?
– Тэгж тооцож үзэж байсангүй ээ. Холбоочин мэргэжлээрээ жил гаруй ажиллаад шүхэрчин аврагч болж байлаа. Тэгээд усчин аврагч болсон. Харин хамгийн анх аврагч болоод усны ослын дуудлагад явсан маань санаанаас гардаггүй юм. Тэр үед одоогийн шиг хувцас хэрэглэл гэж байсангүй. Цэв хүйтэн усанд шалдан л ордог байлаа шүү дээ. Залуу байсан болохоор их хэцүү байсан шүү. Одоо бол Эрэн хайх аврах салбарын аврагч болохоор усны осол, ой хээрийн түймэр, зам тээврийн болон ахуйн осол гээд бүх төрлийн л дуудлагаар үүрэг гүйцэтгэж байна. Манай аймгийн хувьд усны осол, ой, хээрийн түймрийн дуудлага зонхилдог. Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Хэрлэн, Онон, Балж голын эргээр амрах иргэдийн тоо нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад усны ослын дуудлага ч ихэсдэг. Дуудлагуудын дийлэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй байдаг юм.
– Тэгэхээр Хэрлэнгийн усчин Ононд шумбаж чаддаггүй, Ононгийн усчин Хэрлэнд чаддаггүй гэж ахмадуудын ярьж байхыг сонсч байсан юм байна. Тийм ялгаа та нарт мэдрэгддэг үү?
– Ялгаа байлгүй яахав. Хэрлэн дөлгөөхөн, зөөлөн хөрстэй. Тийм болохоор Хэрлэнд шумбахад юу ч харагдахгүй шүү дээ. Сайн тэмтэрч, мэдэрч, эсвэл юм шидэж шүүрдэх маягаар л хайлт хийнэ. Гэтэл Ононд шумбахад юмс харагдах хэдий ч урсгал нь ширүүн.
– Тэгвэл таныхаар аврагч хүн ямар байх ёстой вэ?
– Гамшиг, ослын өөдөөс сөрж зогсдог онцлогтой мэргэжил. Хэн бүхний хүсээд орж чаддаггүй, бас орж зүрхэлдэггүй тийм л алба шүү дээ. Тийм болохоор бие бялдрын болоод сэтгэлзүйн хувьд өөрийгөө бэлтгэх, хамт олноосоо суралцах гээд бүх талаар өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд сагс, гар бөмбөг, гүйлтийн спортоор хичээллэж, бие бялдар болон сэтгэлзүйн бэлтгэлээ хангадаг даа.
– Спортын хүн байх нь ээ. Амжилтаасаа хуваалцаач?
– Чөлөөт цаг гарвал зааланд л өнгөрүүлнэ. Амжилт гэвэл ажилд орсноосоо хойш аймгийн аварга шалгаруулах марш тактикийн тэмцээнд тасралтгүй амжилттай оролцож байна. Мөн “Аврагч” тэмцээнээс 2003 онд мөнгөн медаль, 2004, 2005 онд хүрэл медаль, 2013 онд мөн хүрэл медаль хүртэж байсан. Сагс, гар бөмбөгөөр бол аймаг, бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцоно оо. Сүүлийн үед “Аврагч” тэмцээн зохион байгуудлагдахгүй тасраад байгаа. Уг нь аврагч бидний мэргэжлийн ур чадвар, бие бялдрын хөгжлийг шалгасан том тэмцээн болдог юм.
– Таны баяр бахдлыг сонирхож болох уу?
– Дуудлагаар үүргээ гүйцэтгэчихээд эргэж ирэх тэр мөч л хамгийн сайхан. Энэ үед ажлаараа, хамт олноороо бахархана. Онцгой байдлын албанд ороод удалгүй энхийг сахиулах нэгдүгээр ээлжинд багтан, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн. Хүний нутагт эх орон, албаныхаа нэр төрийг өндөрт гаргахын төлөө хичээн ажиллаж, бусдын адил үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэндээ баярладаг юм. Эх орон шиг минь сайхан газар хаа ч байхгүй. Энэ сайхан эх орноо, хүн ардаа элдэв гамшиг, аюулт үзэгдлээс авран хамгаалах ажил мэргэжил минь хамгийн том бахдал шүү дээ.
– Энэ бүхний ард хамгийн эхний найдвартай дэмжигч, туслагч нь мэдээж ар гэр, гэргий тань байх. Гэр бүлээ танилцуулаач?
– Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гэргий маань сувилагч мэргэжилтэй. Анх эмнэлэгт хэвтэж байхдаа танилцаж байлаа. Залуу байхдаа цаг наргүй ажлыг маань ойлгохгүй үе байдаг байсан ч одоо бол хамгийн сайн туслагч, найдвартай ар тал минь гэж хэлж болно.
– Ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
– Баярлалаа.
“Онцгой мэдээ” сонин