Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар 15-20 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд ихэнх нутгаар, 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 1-нд нутгийн баруун хагаст, 2, 4-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 9 дүгээр сарын 1, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд иргэн Н-ийн “Приус-10” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 11:03 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 11:15 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт 10 машин, задгай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 15:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан, 15:09 цагт очиж, 4 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны “Нумт”-ын аманд зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 19:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 19:40 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.25-наас 07.09-ний өдрүүдэд, 07.21-нээс 07.23-ны өдрүүдэд, 07.31-нээс 08.03-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 08.30-ны өдөр дахин хүсэлт гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, ар гэрийнх нь 30 хүн, нийт 35 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр, 08.30-ны өдрийн 10:30 цагаас тус сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газраас “Хасбаатарын хөшөө” хүртэл “Ховд” голын усаар нийт 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 6 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй, тул 20:30 цагт түр цагт зогсоосон. 08.31-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд  дулааны шугам сүлжээний худагт цогцос байна гаргаж өгнө үү гэсэн цагдаагийн байгууллагын хүсэлтийг 08.30-ны өдрийн 12:32 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 7 км зам туулан 12:49 цагт очиж, хаяг, нэр нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top