Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус,  говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар  дуу цахилгаантай бороо орно. Салхи 3-нд Алтайн уулсаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.  5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 4-5-нд шилжих шөнө нутгийн баруун хэсгээр, 5-6-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 10:54 цагт хүлээн авч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 11:02 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.25-наас 07.09-ний өдрүүдэд, 07.21-нээс 07.23-ны өдрүүдэд, 07.31-нээс 08.03-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 08.30-ны өдөр дахин хүсэлт гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, ар гэрийнх нь 2 хүн, нийт 7 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 08.31-ний өдрийн 11:30 цагаас  тус сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газраас Буга багийн “9 салаа” гэдэг газар хүртэл “Ховд” голын эрэг дагуу нийт 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:35 цагт түр цагт зогсоосон. 09.02-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Бусад: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Мандал, Элст багуудад 09.01-ний өдрийн 15:30-18:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас хашаа үерийн усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 12 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр 4 км замыг туулан 18:10 цагт очиж 37 минут ажиллан Элст багийн 08, 09, Мандал багийн 08, Нисэх багийн 36 дугаар гудамжны 4 өрхийн хашаа руу орсон үерийн усыг шуудуу татан гаргаж аюулгүй болгосон.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд нүүрсний цооногт ажиллаж байсан 2 хүн 13:00 цагаас хойш харагдахгүй байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 20:25 цагт хүлээн авч тус дүүргийн Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын 7 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 20:29 цагт очиж, 11 метрийн гүн нүхэнд нүүрстөрөгчийн дутуу исэл /298 ppm/-д хордож нас барсан тус дүүргийн харьяат иргэн Д /41 настай, эрэгтэй/, иргэн О /23 настай, эрэгтэй/, иргэн Ц /20 настай, эрэгтэй/, иргэн М /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 29 минут ажиллан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top