Ч.Анхбаяр: Өргөсөн тангараг, хүлээсэн үүрэг минь урам зориг нэмдэг

26908926_1031158933693574_1740189424_o.jpg

“Аврагчийн хөрөг” буландаа Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн усчин-аврагч, ахлах ахлагч Чулууны Анхбаярыг урьлаа. Тэрээр албандаа 18 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд 200 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

– Таны ажлын гараагаа эхэлсэн түүхээс ярилцлагаа эхлэе гэж бодож байна.

– Миний бие анх 2000 онд тухайн үеийн Иргэний хамгаалалтын байгууллагад аврах ангийн анхны усчин аврагчаар ажилд орж байлаа. Хүүхэд байхдаа гэртээ тогтдоггүй, байнга л гол дээр найзуудтайгаа усанд сэлж өдрийг өнгөрөөдөг байлаа. Өдөржин гол дээр өнжиж усанд сэлдэг байсан минь эргээд бодоход усчин аврагч болох анхны гараа байсан байх.

– Усчин аврагчаар 18 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд ажил, мэргэжилтэй тань холбоотой сэтгэлд үлдсэн дурсамж зөндөө л биз дээ?

– Ажилд ороод удаагүй байлаа. Чандмань сумын Ангийн хоолой хэмээх газраас долоон метрийн гүнд хүн осолдсон гэсэн дуудлагаар ажиллаж, анх удаа хүний амь нас аварч байсан үе маань хамгийн сайхан санагддаг. Тухайн үедээ айж, сандарч байсан ч хүний амь аварсандаа их л баярлаж, урам авч билээ. Түүнээс хойш анги хамт олныхоо хамт 200 гаруй хүний амь насыг авран хамгаалсан байна. Мөн 2002 онд дэд ахлагч цол зүүсэн минь бас л мартагдашгүй дурсамжуудын минь нэг дээ.

– Хамгийн гүндээ хичнээн метрт шумбаж байв?

– Манай аймгийн хувьд томоохон нуур, гол ихтэй. Энэ хэрээрээ ч усныослын дуудлага их байдаг.  Миний хувьд Увс нууранд  15 метрийн гүнд шумбалт хийж байсан. Арваад метрээс доошхи усны хэм их хүйтэн. Яс янгинанам. Бидний алба амаргүй. Гэхдээ өргөсөн тангараг, хүлээсэн үүрэг минь улам зориг нэмдэг.

– Бусад мэргэжлээс усчин аврагчийн ялгарах онцлог нь юу вэ?

– Миний мэргэжил бол бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах онцгой үүрэгтэй. Хүнд, хэцүү нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг учир сэтгэл хөдлөлөө барьж чаддаг байх ёстой. Усчин аврагчийн хувьд усны гүнд ажиллах, усны урсгалыг тооцоолох чадварыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Энэ ч утгаараа өөрийгөө хөгжүүлэх, ажлын туршлагаасаа шинэ залуу аврагчдадаа зааж, зөвлөж ажилладаг даа.

– Ихэвчлэн юу гэж зөвлөдөг вэ?

–  Хүний амь насыг аварна, аварч чадна гэж энэ албанд орсон л бол тодорхой шалгуурыг давах л хэрэгтэй гэж залуусдаа хэлдэг. Бидний ажлын онцлог, элдэв л зүйл үзэж, харна. Түүнээс айж, цочирдох, цаашлаад шантрах тохиолдол ч гарна шүү дээ. Тиймээс нэгэнт энэ албанд зүтгэхээр шийдсэн бол сэтгэлзүйн болоод биеийн хаттай байх хэрэгтэй гэж зөвлөдөг дөө.

– Онцгой байдлын албаны алба хаагч байхын сайхан нь юу бол?

– Аливаа ослын дуудлагаар ажиллаад хүний амь нас, эд хөрөнгийг нь авран хамгаалчихаад тухайн хүмүүсээс баяр, талархлын үг сонсох их сайхан. Хаана ч, хэзээ ч таарсан мэнд мэдэж, харилцаа холбоотой байдагт нь баярладаг. Хүн болж төрсний минь, Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаагийн утга учир байх гэж талархаж явдаг. Түүнчлэн мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчдынхаа хамтаар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 2014 онд оролцсон гээд Онцгой албаны алба хаагч байхын бахархлууд олон бий.

– Таны хобби юу вэ?

– Ажил, мэргэжилтэй минь холбоотой байх. Гол, нуурыг их судална. Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад очиж үзээгүй гол мөрөн, нуур гэж бараг байхгүй. Гүн нь ямар билээ, урсгал нь хэр билээ, ямар онцлогтой билээ гээд ихэнх голуудыг судалсан. Мөн загасчлах их дуртай даа.

– Гэр бүлээ танилцуулахгүй юу? Бидний ард найдвартай гэр бүл минь байдаг учраас ар гэртээ санаа зовохгүй ажил, үүргээ гүйцэтгэдэг шүү дээ… 

– Миний ханийг Д.Бурмаа гэдэг. Ханьтайгаа 2000 онд Эрдэм дээд сургуульд суралцаж байхдаа танилцаж байлаа. Одоо дөрвөн хүүхдийн аав, ээж болоод сайхан амьдарч байна. Алба, ажлыг минь ойлгож, ажил үүргээ гүйцэтгэх бүхий л боломжоор хангаж, амьдралаа зохицуулаад явдаг эхнэртээ баярлаж явдгаа хэлмээр байна.

– Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ.  Таны хүсч мөрөөддөг зүйлийн талаар сонирхож болох уу?

– Бололгүй яахав. Онцгой байдлын байгууллагатай ажил амьдралаа холбож, усчин аврагч гэх мэргэжлээр гоёж явна. Энэ л мэргэжлээрээ сурсан зүйлээ, өөрийнхөө чадах бүхнээ залуустаа сургах юмсан гэж их хичээдэг. Өөрийн хичээл, зүтгэлээрээ Ховд аймагтаа олон чадварлаг усчин аврагчдыг бэлтгэхийн төлөө ажиллаж байна даа.

– Ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

– Танд ч гэсэн баярлалаа. Ховд аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд болон мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсье.  Бусдын төлөөх чин сэтгэл нь үргэлж гэгээн байх болтугай.

“Онцгой мэдээ” сонин

Б.Одгэрэл

scroll to top