Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг төслийн хамтарсан удирдах хорооны долдугаар хурал өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.
Тус хуралдааны эхэнд ОБЕГ-аас төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм. Мөн төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулав.
Уг төслийн хүрээнд Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багажийг нийлүүлэхээр тусгагдсан. Өнөөдрийн хуралдаанаар дээрх тоног төхөөрөмжийг суурилуулах хуваарь, Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, дэд бүтэц, ИШС-ий газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээний талаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.