Нийслэлийн шилдэг аврагчид тодорлоо

GJ1A1339.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын анги, салбаруудын  гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, тусгай мэргэжлийн бэлтгэлийн төвшинг тодорхойлох, сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болон зохиогддог “Мэргэжлийн аврагч” тэмцээн энэ жил нийслэлийн Аврах анги-105-ын 50 жилийн ойг угтан 2018 оны 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тэмцээн байгаль цаг агаарын хүнд, бэрхшээлтэй нөхцөл байдалд бэлэн байдлын үзлэг, эрэн хайх, аврах ажиллагаа, уснаас аврах ажиллагаа гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээний “Шилдэг офицер”-оор Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч Г.Ганбаяр, “Шилдэг аврагч”-аар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Алтанхуяг нар тодорч, хамт олноо манлайллаа.

“Мэргэжлийн аврагч-2018” тусгай бэлтгэлийн тэмцээний шилжин явах цомын эзнээр 49 оноогоор Нийслэлийн Аврах анги-105 шалгарч, удаахь байрт 66 оноогоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, гуравдугаар байрт 69 оноогоор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, тусгай байрт 71 оноогоор Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.

 

Мөн тэмцээний үеэр хувийн ур чадвараар тэргүүлсэн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Э.Бат-Амгаланд Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай Үндэсний аврах бригадын нэрэмжит шагналыг гардуулж баяр хүргэлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top