Онцгой байдлын ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар удаа дараа мэдээлэл өгдөг. Харин манай иргэд өөрсдийн хайхрамжгүй байдлаас үүдэн галын аюулд өртөж амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Чингэлтэй”-н 13 дугаар гудамжийн “Дэнжийн 1000”-д байрлах “Оч бүрд” караокены газар гал гарчээ. Иргэд гал гарсан даруйд Нийслэлийн Онцгой байдлын газарт мэдэгдэж, аврах, гал унтраах 10-р ангийнхан шуурхай ажиллан галыг унтраасан байна. Нийтийн караоке ажилладаг уг барилгад юуны улмаас гал гарсан дүгнэлт нь одоогоор гараагүй байна.
Урьдчилсан байдлаар цахилгаанаас үүдэн гал гарсан байж магадгүй гэж таамаглажээ. Онцгой байдлын алба хаагч хэлэхдээ “Манай иргэд өөрсдийн болгоомжгүй байдлаасаа үүдэн гал түймэрт амь нас, эд хөрөнгөө хохироох явдал зогсохгүй байна. Холбогдох байгууллагууд тогтмол үзлэг хийж, галын аюулаас урьдчилан сэргийлэх зааварчилгаа өгдөг ч тэр хэрэгжихгүй байгаа нь өнөөдөр гал гарах шалтгаан болж байна” гэсэн юм.
Хүйтний улирал эхлэхтэй холбоотойгоор галлагаа ихсэж, гал түймрийн тоо эрс нэмэгддэг.
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага цахилгааны утасны хүчдэл авах оруулгын цахилгаан дамжуулагч нь полиэтилен давхар бүрээстэй, уян бүрээс гэмтэлгүй, аль болохоор залгаасгүй нэг маркийн байж пускаталь буюу гал хамгаалагч дээр хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байх, зуух пийшингийн яндан байшингийн дээврээс 60 см өндөр, 20-25 см радиус бүхий төмрөөр тааз, тоононд бэхлэгдсэн байх, залгууруудад гурав ба түүнээс дээш цахилгаан хэрэгслийг зэрэг залгаж ашиглахгүй байх, зуухны доод өр нь шалнаас 20 см өндөр байж, тавцанг төмрөөр бүрсэн байх, зуух пийшингийн хананд түлээ бусад шатах материалыг хураахаас зайлсхийхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.