Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр бага зэргийн бороо, хур тундас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 9-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөднийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 13-15 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

Төлөв байдал: 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 20,21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед  түр зуур 24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Их-Уул” багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 12:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 12:39 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 12:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 12:49 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Олон улсын чанартай автозамын зорчих хэсэгт иргэн С-ийн эзэмшлийн “Компасс” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 14:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 14:25 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт хороололд хүнсний дэлгүүрт гал гарч байна дуудлагыг 09.19-ний өдрийн 04:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1.5 км замыг туулан 04:26 цагт очиж, 8х6 метрийн хэмжээтэй байшингийн тааз хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /“Ялалт”-ын гүүрээс зүүн зүгт 25 км-т/ “Хорин найм” гэдэг газар тус сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд ороод алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.17-ны өдрийн байдлаар сураггүй болсон газраас “Хэрлэн” голын эрэг дагуу нийт 30 км зайд 2 удаа самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 09.19-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд “Туул” голын усанд цогцос байна гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 09.18-ны өдрийн 10:56 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 11:13 цагт очиж, нэр, нас тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд “Туул” голд цогцос байна гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 09.18-ны өдрийн 14:16 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан 14:43 цагт очиж, нэр, нас нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Баянгол дүүргийн 3 дугаар хороонд дулааны шугам сүлжээний худаг дотор цогцос байна гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг 09.18-ны өдрийн 15:37 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан 16:03 цагт очиж, нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Т /32 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top