Сүхбаатар аймагт энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд ард иргэдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн-Монгол Олон улсын байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, Жайка Олон улсын байгууллагатай хамтран иргэд, олон нийтэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор “Бэлэн бай”, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцийг боловсруулсан.
Энэхүү сургалтын “Бэлэн бай” багцийг гамшгийн төрөл бүрээр танилцуулга, видео хичээл, гарын авлага материал, сургалтын хэрэглэгдэхүүн болон сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрхэн хийх үлгэрчилсэн заавартай, сургагч багшийн авлагын хамт цогц байдлаар боловсруулсан юм.
Тус сургалт нь энэхүү шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр явагдсанаараа онцлог байлаа.
Сургалтад Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Мэргэжил сургалт үйлдвэрийн төв, ерөнхий боловсролын сурагчид болон ард, иргэд зэрэг нийт 2000 гаруй иргэн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.