Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгийн зарим хэсгээр бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 12-14 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар 14-16 м/с, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр дулаан байх боловч 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн “Шарангад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 8.5 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 18:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8.5 км замыг туулан 18:28 цагт очиж, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд гудамжны гэрэлтүүлэг хэрэгсэл тээвэрлэж явсан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч-гийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашины ачааны хэсэг шатаж байсныг 26 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 20:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 20:55 цагт очиж, 9х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 21:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 22:04 цагт очиж, 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 05:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.3 км замыг туулан 05:10 цагт очиж, 4 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх, аврах ажиллагаа: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны уурхайн 170 метрийн гүнд агаарын хоолой сунгаж ажиллахаар орсон 2 хүн буцаж гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 20:14 цагт хүлээн авч Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 20:22 цагт очиж, тус уурхайн 45 градусын налуутай, 170 метрийн гүн аманд хайгуул хийхэд нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Х /37 настай, эрэгтэй/, иргэн Н /26 настай, эрэгтэй/ нар 120 метрийн гүнд эсэн мэнд байсныг гаргаж тус уурхайн эзэн Т-д хүлээлгэн өгсөн. Тус уурхайн агаарын найрлагад хэмжилт хийхэд хүчил төрөгч хэвийн хэмжээнд байсан.
Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 2 завь, ар гэрийнх нь 9 хүн, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 09.22-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Өгөөмөр” гэдэг газраас “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын эрэг дагуу 8 км-т 3 удаа самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:45 цагт түр зогсоосон. 09.23-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 9 алба хаагч, цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 24 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр 09.22-ний өдөр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас “Улиастайн гарам” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 09.23-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Туул” голд цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 09.22-ны өдрийн 18:22 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан 18:34 цагт очиж, нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР