Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

42562190_240125473319381_4063834992470392832_n-1.jpg

Монгол Улсын Шадар сайдын Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн  сургууль өнөөдөр эхэллээ.

Нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар  нарын удирдлагууд оролцсон юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр  06:30 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах  12 алба, ерөнхий зориулалтын 13, тусгай зориулалттай 24 мэргэжлийн ангийн нийт 700  гаруй хүн, 63 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

Сүхбаатар аймаг нь Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг.  Нийт 13 сумын 61 мянган хүн амтай. Сүүлийн жилүүдэд гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, усны осол ихэвчлэн тохиолдож байгаа юм. 

  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Тиймээс гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top