Монгол улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос “Жендер ба Хөгжил” хандлагын хүрээнд улс орнуудын туршлагыг солилцох боломж бүрдүүлэн, жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Жендэр ба хөгжил” олон улсын бага хурлыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.
Энэхүү бага хуралд Монгол, Австрали, АНУ, БНСУ, Япон зэрэг улсын 350 гаруй төлөөлөгчид оролцсон. Олон улсын бага хурлын оролцогчид өнгөрсөн хугацаанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулахад олсон ололт амжилт, сайн туршлагадаа тулгуурлан бүс нутгийн болон олон улсын хэмжээнд илүү нээлттэй, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээ илэрхийлж, зохистой хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарыг дээшлүүлэхэд жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахыг уриалж, “Улаанбатарын тунхаглал”-ыг баталгаажуулсан юм.
Манай улс 2002 онд Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан гаргаж хэрэгжүүлж байгаа аж.
Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Жендэрийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх”-ээр тусгаж жендэрийн тэгш байдлыг хангах эрхзүй, бодлогын орчинг бий болгосноор манай улс жендэрийн асуудлаар ахиц дэвшил гаргасан Ази тивийн цөөн орны тоонд зүй ёсоор ордог байна.
Энэхүү тунхаглалыг үндэсний, бүс нутгийн, олон улсын түвшинд хэрэгжүүлэхэд Жендэрийн үндэсний хороо манлайлан ажиллах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Жендэрийн үндэсний хорооноос хүсэлт тавьсан дагуу Онцгой байдлын байгууллага үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, хамтран ажиллахаар болоод байна.
Иймд, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагууд энэхүү тунхаглалыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд “Улаанбаатарын тунхаглал”-ыг Монгол, Англи хэл дээр бүрэн эхээр нь хүргэж байна.
Бид өнгөрсөн хугацаанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад олсон ололт амжилт, сайн туршлагадаа тулгуурлан бүс нутгийн болон олон улсын хэмжээнд илүү нээлттэй, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд 2030 он хүртэл дараах үүргийг хүлээж байна.
Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг, ялангуяа эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхжилтыг дэмжих жендэрийн түншлэл хамтын ажиллагааны хүрээнд:
- Олон улсын, бүс нутгийн, үндэсний түвшин дэх жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт үнэлгээ, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн салбар хоорондын зохицуулалт болон эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртээмжтэй болгох чиглэлээр туршлага солилцох, ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шилжин ажиллагчид болон бусад ялгаварлан гадуурхалтад өртөж буй хүмүүст зохистой хөдөлмөр эрхлэлтийн сонголтыг бий болгох;
- Эдийн засгийн болон үйлдвэрлэлийн бүх хүрээн дэх жендэрийн тэгш бус байдлыг илрүүлэх, цогц хандлагаар шийдвэрлэхэд чиглэсэн хамтарсан судалгаа шинжилгээг хөгжүүлэх;
- Гэр бүлийн үүрэг хариуцлага бүхий ажиллагчдын хэрэгцээнд нийцсэн уян хатан ажлын нөхцөл, сонголт бүхий зохистой ажлын байрыг бий болгож, хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн тэгш байдлыг дэмжих;
- Ижил үнэ цэнэ бүхий ажилд эмэгтэй эрэгтэй хүмүүс адил тэгш цалин хөлс авах эрхийг хүлээн зөвшөөрөх;
- Эмэгтэй, эрэгтэй ажиллагчдын ажлын байран дахь аюулгүй байдлыг хангах. жендэрийн ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлгийн дарамтыг үл тэвчих бодлого, механизмыг бий болгох;
- Хөдөлмөр эрхлэх зорилгоор улс хооронд болон улс дотор өрнөж буй шилжих хөдөлгөөний жендэрийн сөрөг үр нөлөөг арилгах, шилжин ажиллагчдын хүний эрхийг хүндэтгэн хамгаалах;
- Хөдөөгийн эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхжилт, дэлхий дахины нэмүү өртгийн сүлжээн дэх оролцоог олон улсын худалдааны жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дэмжих, үр дүнд мониторинг хийх чиглэлээр хамтран ажиллах;
- Жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэлхийн хэмжээнд өрнөж буй тогтвортой санхүүжилтийн нэг чухал зарчим болгож, эх үүсвэр, хүртээмжийг нэмэгдүүлэх;
- Өрхийн үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн бичил бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх тэдний онцлог, хэрэгцээнд нийцсэн санхүү зээлийн тогтолцоог бүрдүүлэх;
- Үндэстэн дамнасан компаниудын, ялангуяа барилга, дэд бүтэц, олборлох үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд жендэрийн тэгш байдлыг дэмжих, ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад чиглэсэн санаачлагуудыг дэмжих, санхүүжилтийг нэмэгдүүлэх.
Амьдралын чанарт гарч буй өөрчлөлтийг хэмжих жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд нэвтрүүлэн ашиглах хүрээнд:
- Хувь хүмүүсийн, айл өрхүүдийн амьдралын чанарт гарч буй өөрчлөлтийг хэмжих жендэрийн шалгуур үзүүлэлтийг боловсруулан нэвтрүүлэх;
- Улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилгын жендэрийн агуулга/үр нөлөөний талаар мэдээлэл өгөх, салбар, орон нутгийн түвшинд мониторинг хийхэд ашиглах жендэрийн тоон болон чанарын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан ашиглах талаар улс орнуудын Засгийн газар, статистикийн байгууллагууд хамтран ажиллах;
- Олон улсын, бүсийн болон улс орнуудын түвшинд ашиглаж буй жендэрийн шалгуур үзүүлэлтүүд, статистик мэдээллийг Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд баяжуулах;
- Амьдралын чанарыг тодорхойлогч барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад жендэрийн чиглэлээрх хамтын ажиллагааг бүх түвшинд хөгжүүлэх;
- Эмэгтэй ажиллагчдын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд хохирол учруулахаас хамгаалсан бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах хүрээнд:
- Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг улс орны Засгийн газар, ИНБ, орон нутгийн түвшинд хөхүүлэн дэмжих;
- Эмэгтэйчүүд олноор ажиллаж буй албан бус салбар, хөдөө аж ахуйн салбарт зохистой хөдөлмөр эрхлэлт, ногоон ажпын байрыг дэмжин нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
- Ногоон ажлын байрны тоо, хамрах хүрээг нэмэгдүүлэх, эмэгтэй эрэгтэй хүмүүсийн ажлын орчин нөхцөл, бүтээмжийг сайжруулахад туслах техник технологийг дамжуулахад хамтран ажиллах;
- Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тулгамдсан асуудал, түүний дотор малчин, тариаланчдын залуу халааг бэлтгэх, хүйсийн тэнцвэрийг сайжруулах чиглэлээр туршлага солилцож хамтран ажиллах;
- Эдийн засгийн эрх чөлөө, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний хүртээмж, байгаль орчны тогтвортой байдал, хүний болон өмч хөрөнгийн халдашгүй байдал, эрхийн хэрэгжилтийг тэгш шударгаар хангах сорилт дэлхий дахинд тулгарч байгааг анхаарч, хот хөдөөгийн эмэгтэй эрэгтэй хүний эрүүл мэнд боловсрол болон бусад байдлаар ялгаатай хүмүүсийг эрх тэгш оролцуулах нийгмийн оролцоот, хүртээмжит хөгжлийн хандлагыг бүх түвшинд нэвтрүүлэх;
- Тал нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах стратегийг малчдын, түүний дотор байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийг хадгалахад эмэгтэйчүүдийн гүйцэтгэж ирсэн түүхэн үүргийг харгалзан жендэрийн мэдрэмжтэй байдлаар нэн даруй боловсруулан хэрэгжүүлэх.