Г.Цэрэндэндэв: Өөрийнхөө амийг дэнчин тавьж бусдын амийг аврах нь миний мэргэжлийн онцлог

IMG_8223-112718-2068206168.jpeg

Юнител Группээс санаачлан хэрэгжүүлж буй “Эерэг Монгол” хөтөлбөрийн онцолж буй дараачийн хүн бол ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн аврах тусгай салбарын бүлгийн  дарга, ахлах дэслэгч Г.Цэрэндэндэв. Тэрээр өнгөрсөн хугацаанд нийт 482 удаагийн ослын дуудлагаар 500 гаруй хүний амь нас, эрүүл мэндийг аврах ажиллагаанд гар бие оролцсон эгэл баатар, эх орны хүү юм.

-Та эхлээд уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Намайг Г.Цэрэндэндэв гэдэг. Онцгой байдлын салбарт 24 дэх жилдээ ажиллаж байна. Одоо бүлгийн даргын алба хашдаг. Энэ нь ээлжид гарч байгаа аврагчдынхаа амь насыг хариуцаж, аливаа аюул ослоос урьдчилан сэргийлэх ажиллагаанд хамтран зүтгэнэ гэсэн үг.

-Таны ажлын хүнд, бэрхшээлтэй тал нь юу вэ ?

-Уул уурхайн аврах ажиллагаанд хязгаарлагдмал, агааргүй орчинд аврагч нар гэрэл, дөрвөн цагийн турш ашиглах боломжтой амьсгалын багтай ажилладаг. Бидний ажил хүний нүдэнд үл үзэгдэх хэцүү орчинд болдогоороо эрсдэлтэй. Гүний уурхайд гал гарсан үед аврах ажиллагаа явуулахдаа утаан дунд, багийнхантайгаа ярих боломжгүй, дохио зангаагаар л ойлголцоно. Ийм л орчинд аврах ажиллагаа явагддаг. Хэдий манай уул уурхайн аврах анги нь Налайх дүүрэгт байдаг ч 21 аймгийн уул уурхайн ослын дуудлагыг хариуцдаг. Аль нэг аймагт осол гарсан тохиолдолд бид төвөөсөө дуудлага аваад шууд гарна.

-Та энэ албанд 24 жил ажиллахдаа хэдий хэмжээний дуудлага, аврах ажиллагаанд оролцож байв ?

-Өнгөрсөн хугацаанд би 482 удаагийн дуудлагад явсан. Энэ хугацаанд 500 гаруй хүний амь насыг аврах шууд ажиллагаанд оролцсон байдаг. Мэдээж аврах ажиллагаа нь ганц хүний хийх ажил биш, баг, хамт олны хамтын ажиллагааны үндсэн дээр хүний амь аврагддаг.

-Таны амь насыг нь аварсан хүмүүс эргээд холбогдох тохиолдол бий юу ?

Байлгүй яахав. 2006 онд Баялгийн хонхор гэх уурхайд дөрвөн хүн дарагдсан дуудлага авсан. Тухайн үед манай багийнхан уурхайд бүтэн 48 цаг тасралтгүй ажилласан юм. Үүний эцэст бид бүгдийнх нь амийг аварч чадсан. Ер нь аврах ажиллагааны үеэр тэр бүр ямар хүн аварснаа мэдэхгүй. Харж ч амжихгүй, амийг нь л аврахын төлөө бүх хүчээ дайчилдаг. Гэтэл тухайн үед амийг нь аварсан хоёр залуу хэдэн сарын дараа намайг дэлгүүрт таниад, гэртээ урьсан. Энэ мэт тохиолдол олон. Мөн бид аврах ажиллагаанаас гадна уурхайд сургалт, аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгдөг. Үүний үр дүнд ослын тоо тодорхой хэмжээнд буурч байгаа шүү.

– Өөрийнхөө амь насаар бусдын амь насыг аварч байгаа онцгой чиг үүрэгтэй таны мэргэжил, ажлыг тань гэр бүлийнхэн нь хэр ойлгодог вэ ?

-Тэгэлгүй яахав. Өөрийнхөө амийг дэнчин тавьж бусдын амийг аврах нь манай мэргэжлийн онцлог. Хамаг эрдэм, мэдлэг, ур чадвараа шавхсаны үр дүнд тухайн хүнээ эсэн мэнд аврах нь миний мэргэжлийн бахархал. Гэхдээ мэдээж нэг талаас гэр бүлийнхэн минь надад үргэлж санаа тавина. 2015 онд гүний уурхайд осол гараад дуудлагаар явсан юм. Аврах ажиллагаа дуусаад ирсэн чинь эхнэр маань уйлчихсан зогсож байж билээ. Учрыг нь асуутал намайг гарч ирэхгүй удсанд айсандаа уйлсан тухайгаа хэлсэн. Манай эхнэр надтай хамт ажилладаг. Ер нь аврагч хүний ард үлдэж буй гэр бүлийнхэн л хамгийн их түгшиж, сандардаг. Баруунхараагийн алтны уурхайд таван хүн дарагдсан дуудлагаар очиж ажиллаад хамгийн сүүлийн хүнийг гаргах үед гэнэт хөрсний нуралт үүссэн. Гэнэт л чанга дуу чимээ нөмрөөд хэсэг хормын дараа ямар ч чимээгүй, нам жим болж орхисон. Чухам энэ үед л хором мөч бүрт амь нас минь дээсэн дөрөө нь дээр байгааг чин зүрхэндээ ойлгож билээ. Магадгүй өмнө нь тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөр энэ зэргийн зүйлсийг ажрахгүй өнгөрөөд байсан мэт. Гэтэл яг Баруунхараагийн алтны уурхайн гүнд, хөрсний нуранганд дарагдан анир чимээгүйд автан хэвтэхдээ өөртэйгөө ярьсан нь энэ байсан юм.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ ?

Мэдээж осолд орсон хүнээ эсэн мэнд аврах нь хамгийн сайхан. Уурхайн гүнд агааргүй орчинд олон цаг аврах ажиллагаа хийсний дараа гарч ирээд цэлмэг тэнгэрийг ширтэж , цэвэр агаар амьсгалан суух нь үгээр хэлэмгүй гайхамшигтай, аз жаргалтай байдаг. Энэ бүртээ би амьдралын аз жаргал, амьд явахын үнэ цэнийг өөрөө өөртөө сануулан суудаг юм. Нэг удаа Налайхын нүүрсний уурхайд долоон хүн дарагдсан гэх дуудлагаар ослын газарт очлоо. Гэтэл уурхайн доторх багана, дам нурууд тэр чигээрээ нурчихсан учир бид 40 метрийн диаметртэй, 200 орчим метрийн гүн нүхэнд ажилласан. Энэ үед гэнэт хана цохих чимээ гарлаа. Ийм гүнд арай ч хүн байхгүй биз гэсэн бодол төрж байсан ч, шалгахаар шийдсэн юм. Гэтэл том чулууны ард хоёр хүн уначихсан байсныг нь олж билээ. Удаан ажилласны эцэст амжилттай гаргаж авч чадсан. Амь аврагдсан хүмүүсийн баярласандаа уйлж буй тэр үеийг би хэзээ ч мартаж чаддаггүй. Амьд явахын үнэ цэнийг өдөр бүр мэдэрч харж байдаг нь миний мэргэжлийн хамгийн сайхан нь гэж бодож явдаг даа”.

 

Эх сурвалж: gogo.mn

scroll to top