Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо, уулархаг нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын  ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи хойноос 9-14 м/с, говийн нутгаар 18-20 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 01-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 28-нд ихэнх нутгаар  түр зуур 16-18 м/с, 30-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 28-29-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 21:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 22:01 цагт очиж, тоног төхөөрөмж шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ усархаг бороо орсны улмаас “Приус 20” загварын суудлын автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг 09.26-ны өдрийн 21:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 30 км замыг туулан 23.26 цагт очиж, 18 минут ажиллаж, автомашиныг голоос татан гаргаж, жолооч Ё-д хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороонд далан руу эмэгтэй хүн унаж гэмтсэн, гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 14:56 цагт очиж, хөгжлийн бэрхшээлтэй харьяалал тодорхойгүй иргэн О /33 настай, эмэгтэй/-ийг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км-т/ “Хорин найм” гэдэг газар сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд загасчилж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:30 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэй, ар гэрийн 12 хүн, 3 автомашинтай, нийт 39 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 09.26-ны өдөр тус багийн “Өгөөмөр” гэдэг газраас /осолдсон газраас зүүн зүгт 2 км-т/ цогцсыг усны мандал дээр хөвж байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 09.26-ны өдөр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас “Битүү” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 12 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:50 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 09.27-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны зүүн талд “Туул” голын усанд цогцос байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 14:03 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 21.5 км замыг туулан 14:34 цагт очиж нэр, хаяг тодорхойгүй 55-60 орчим настай, эрэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top