Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дүүрэн хангалттай дүгнэгдлээ

42601110_158926331711304_2084654001650925568_n.jpg

    Монгол Улсын Шадар сайдын Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

   “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу  аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгосон юм.

 Мөн бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгууллаа.

 Сургуулийн бодлогын дагуу Баруун-Урт сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулж, 18 мянга гаруй иргэн хамруулсан бол Сүхбаатар сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын  иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд 1200 гаруй иргэнийг хамрууллаа.

 Гурван өдөр үргэлжилсэн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Удирдах ажилтнуудын дунд бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдснаар өндөрлөлөө. Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд,  идэвхи санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг дүүрэн хангалттай дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top