Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийслэл болон Архангай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай. Сүхбаатар аймгийн нутгаар бага зэргийн нойтон цас, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр хэсгээр 12-17 градус,  Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10 сарын 1-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, 3-нд баруун аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд говь, талын нутгаар 12-14 м/с, 3-нд баруун аймгуудын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 30-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна. 3-нд баруун аймгуудын нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч,  1 автомашинтай 4 км замыг туулан 16:44 цагт очиж, 4х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 17:33 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 17:47 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 18:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 18:04 цагт очиж, 8 ханатай 2 гэр шатаж байсныг 51 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр баригдаж буй барилга дотроос утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 22:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашин 5 км замыг туулан 22:29 цагт очиж, тус барилга дотор хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ж /41 настай, эрэгтэй/ нүүр, гар хэсгээрээ түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багын “Дельфин” зочид буудлын урд талын автозамын зорчих хэсэгт иргэн М-ийн эзэмшлийн “Марк 2” загварын суудлын автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 03:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 03:50 цагт очиж, автомашины бүхээгийн хэсэгт тус сумын харьяат иргэн З /27 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Ноён сумын Цайран багийн  “Хадан бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 39 км-т, Ө-43012’00”, У-102060’00”/ 09.29-ний өдрийн 05:31 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09.29-ний өдрийн 06:15 цагт ООГСХ-ээс утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ноён сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэлт иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн Ш-ийн хүү Б /13 настай, эрэгтэй/ 09.26-ны өдрийн 17:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.27-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 116 хүн, нийт 128 хүн, 11 автомашинтай 9 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 09.28-ны өдрийн 09:53 цагт сумын төвөөс зүүн зүгт 6 км-т Мандал багийн “Хоргын-Үзүүр” гэдэг газраас Б-г түүний төрсөн ах Н нь эсэн мэнд олсон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 11 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 09.28-ны өдөр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас зүүн тийш “Мянган мөчрийн гарам” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 9 км-т,  “Наянгаа” гэдэг газраас “Битүү” гэдэг газар хүртэл 12 км-т, нийт 21 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:10 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 09.29-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандмань тал багийн “Чандаганы талын уурхай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ Төв аймгийн Зуунмод сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чиглэлд 100 толгой адуу тууж явсан Төв аймгийн Зуунмод сумын харьяат иргэн Б /19 настай, эрэгтэй/, иргэн А /18 настай, эрэгтэй/ нар 09.28-ны өдрийн  07:00 цагийн орчим “Чандаганы тал” уурхайн хиймэл нуураас адуугаа услах гэж яваад сураггүй алга болсон. Тус нуурын эрэг дээрээс тухайн 2 иргэний хэрэглэж байсан уурга, өмсөж явсан малгай, бээлий болон унаж явсан 2 морь нь усанд норсон байдалтай адуутайгаа олдсон тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 13:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, цагдаагийн байгууллагын 11 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 2 хүн, нийт 20 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:10 цагт иргэн А, 20:05 цагт иргэн Б нарын цогцсыг “Чандаганы тал” уурхайн хиймэл нуур /300х60 метрийн хэмжээтэй, 4 метрийн гүнтэй/-аас олж гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top