Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо орж, Орхон аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус,  бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос  6-11 м/с. 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. 3-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн “Улаан-Уул” гэдэг газар “Увс Байгаль” ХХК-ийн жимсний талбай шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 14:09 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 17:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 17:58 цагт очиж, 10х13 метрийн хэмжээтэй байшингийн гэрлийн утас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун Баян-Уулын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 19:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 19:48 цагт очиж, 6х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 02:00 цаг ажиллаж унтраан, гал түймэрт түлэгдсэн тус дүүргийн харьяат иргэн Ц /63 настай, эмэгтэй/, Г /10 настай, эрэгтэй/, Г /8 настай, эмэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад, иргэн М /39 настай, эмэгтэй/ нас барсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн Хангай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 19:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 19:54 цагт очиж, 14х6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 01:00 цаг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 20:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 20:57 цагт очиж, 8 айлын байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сум (Сүмбэр)-ын 7 дугаар багт зоогийн газар шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 22:04 цагт хүлээн авч тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 22:08 цагт очиж, 21х6 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэг шатаж байсныг 40  минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх, аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд бохирын нүхэнд согтууруулах ундаа хэрэглэсэн хүн унасан тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 09:27 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 12.5 км замыг туулан 09:49 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Б /39 настай, эрэгтэй/-ыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 11 алба хаагч, ар гэрийнх нь 5 хүн, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 09.29-ний өдөр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас зүүн тийш “Тултын гарам” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 5 км-т,  “Наянгаа” гэдэг газраас “Битүү” гэдэг газар хүртэл 12 км-т, нийт 17 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:10 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 09.30-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top