Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын нутаг болон Хөвсгөлийн уулсаар, 4-нд баруун аймгуудын зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 3-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн “Өлөнтийн-Ам” гэдэг газар  /сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ өвөлжөө, ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 20:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15 км замыг туулан 21:28 цагт очиж, 6х7 метрийн хэмжээтэй өвөлжөө, “Пронтер” загварын ачааны автомашины хойд дугуй болон автомашин дээр ачсан өвс шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 01:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 01:30 цагт очиж, 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг  шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Урандөш” гэдэг газар  /аймгийн төвөөс урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ өндөр настны сувиллын газар сувилуулж байсан тус аймгийн Мөрөн сумын харьяат иргэн Б /55 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 09.30-ны өдрийн 19:30 цагийн орчим сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 10:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 21 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр тус сумын Эрчим багийн Хилэнтийн гүүрнээс “Өгөөмөр”, “Урандөш”, “Баян-Уул” гэдэг газар болон “Дэлгэр” мөрөний эрэг дагуу нийт 130 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 10.02-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 3 алба хаагч, ар гэрийнх нь 10 хүн, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 10.01-ний өдөр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас зүүн тийш “Фермерийн төв” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 5 км-т 4 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 10.02-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top