Онцгой байдлын ерөнхий газраас бичиг хэрэг, архивын эрхлэгч нарын “БХ-18” нэгдсэн сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, сургалтын хэлтсийн дарга, хурандаа С.Амгалан нар оролцож, сургалтанд амжилт хүслээ.
Албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалт, байгууллагын удирдлагын баримт бичгийн хадгалалт, хамгаалалтын талаар болон шинээр батлагдсан хууль, эрх зүйн орчны талаар мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын 50 гаруй бичиг хэрэг, архивын эрхлэгч нар хамрагдаж байна.
Сургалтыг ОБЕГ, ТЕГ болон Архивын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж, архив бичиг хэргийн зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг боловсруулахад тавигдах үндсэн шаардлага, байгууллагын архивын нөхөн бүрдүүлэлт, данс, бүртгэл үйлдэх, удирдлагын баримт бичгийн боловсруулалт дахь зөрчил дутагдал, цаашид авах арга хэмжээ зэрэг сэдвийн хүрээнд хичээл заах юм.
Мөн Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн үйл ажиллагаатай танилцах тус сургалт энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.