Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг,  Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-7-нд говь, талын нутгаар түр зуур 6-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн баруун хагаст өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн “Цагаан бургастай” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ өвөлжөөний саравч шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 6 алба хаагч 2 автомашинтай, орон нутгийн 6 хүн, 3 автомашинтай, нийт 12 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 25 км замыг туулан 16:20 цагт очиж, 02:10 цаг ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн “Бугант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.02-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 18 алба хаагч, орон нутгийн 10 хүн, нийт 52 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 21:20 цагт түймрийг унтрааж цурманд оруулсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Урандөш” гэдэг газар  /аймгийн төвөөс урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ өндөр настны сувиллын газар сувилуулж байсан тус аймгийн Мөрөн сумын харьяат иргэн Б /55 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 09.30-ны өдрийн 19:30 цагийн орчим сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 10:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 13 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 25 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр 10.02-ны өдөр тус сумын Эрчим багийн  “Хийморийн-Овоо” /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ гэдэг газраас 13:10 цагт иргэн Б-г эсэн мэнд олж, сувиллын газрын даргад хүлээлгэн өгсөн.

Өндрөөс аврах: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт 4 дүгээр сургуулийн дээвэр дээр засварын ажил хийж байсан хүн ухаан алдсан тухай дуудлагыг 10.02-ны өдрийн 10:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 10:37 цагт очиж, тус сумын харьяат иргэн Т /55 настай, эрэгтэй/-ыг 30 минут ажиллан аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 3 алба хаагч, ар гэрийнх нь 10 хүн, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 10.02-ны өдөр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас зүүн зүгт “Ульхан-Уул” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 15 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:40 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хүүшийн булан“ гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 12 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/ “Дэлгэрмөрөн” голд цогцос хөвж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 14:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 5 алба хаагч, нийт 12 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 12 км замыг туулан 15:12 цагт очиж, нэр, хаяг тодорхойгүй, 30-40 орчим настай, эрэгтэй хүний цогцсыг 04 минут ажиллан голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороонд “Бүс” нууранд морьтой хүн ороод алга болсон тухай дуудлагыг 10.02-ны өдрийн 15:33 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, нийт 13 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 38 км замыг туулан 17:10 цагт очиж, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат иргэн О /28 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:10 цагт зогсоосон. 10.03-ны өдрийн 07:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top