Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, төв болон говийн аймгуудын зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 2 градус хүйтнээс 3 градус дулаан, зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг болон Туул голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн хур тунадас орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зарим үед 4-16 м/с хүрч ширүүснэ, 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 5-нд нутгийн зүүн хагаст, 6, 7-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 7-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 22 км зам туулан 11:49 цагт  очиж 15 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд  гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 12:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  4,5 км зам туулан 12:29 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  0,5 км замыг туулан 13:21 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн “Бугант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.02-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 18 алба хаагч, орон нутгийн 10 хүн, 1 автомашин, нийт 52 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 21:20 цагт түймрийг бүрэн унтраасан. Уг түймэрт 157 га талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах  багт иргэн Х-гийн хүү Д /9 настай эрэгтэй/ 10.03-ны өдрийн 13:00 цагт хичээлээ тараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 03:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  5 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 10.04-ний өдрийн 04:16 цагт тус сумын Цахир багт иргэн Ж-гийн гэрт  байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд  хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ “Онон” голын усанд тус сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 3 алба хаагч, ар гэрийнх нь 10 хүн, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 10.03-ны өдөр Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газраас зүүн зүгт “Ульхан-Уул” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу 15 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10.03-ны өдрийн 09:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороонд “Бүс” нууранд морьтой хүн ороод алга болсон тухай дуудлагыг 10.02-ны өдрийн 15:33 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, нийт 13 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 38 км замыг туулан 17:10 цагт очиж, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат иргэн О /28 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.03-ны өдрийн 08:45 цагт цогцсыг 2 метрийн гүнээс гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top