Увс аймагт энэ сарын 05-08-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.
Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тус аймагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулах юм.
Энэ хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад Гамшгаас урьдчилан сэргийлэх, Гамшгийн үеийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журам, Байрзүйн зургийн ашиглалт, анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ, нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдал, гамшгийн үеийн холбоо зарлан мэдээлэл, гамшигт өртсөн нэрвэгдэгчдийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тэдгээрийг нүүлгэн шилжүүлэх зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.
Сургалтад Увс аймгийн Онцгой комисс, орон нутгийн бүх шатны Засаг дарга, албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын дарга нар оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.