Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

43195876_543897782735577_8507143440897671168_n.jpg

   Монгол Улсын Шадар сайдын Увс  аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн  сургууль өнөөдөр эхэллээ.

  Нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ- тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Аймгийн ИХТ-ийн дарга Э.Насанбат, Засаг дарга Б.Батсайхан, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэд дарга, хурандаа М.Отгонбаяр  нарын удирдлагууд оролцсон юм.

   Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр  07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

 “Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах  11 алба, мэргэжлийн 38 ангийн нийт 960  гаруй хүн, 97 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

 Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

  Увс аймгийн хувьд өндөр уулсаар хүрээлэгдсэн, их нууруудын хотгор газар, байгалийн эрсдэл бүхий эрс тэс уур амьсгалтай. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүн малын гоц халдварт өвчин, үер, усны осол, ихэвчлэн тохиолдож байгаа юм.  

Тиймээс Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлаар үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

scroll to top