Усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, газар орны онцлогийг судлах, аврах ажиллагаа зохион байгуулах бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны” дадлага сургуулийг хийлээ.
Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Хагийн хар нуур”-нд зохион байгуулагдсан тус дадлага сургуульд 20 гаруй алба хаагч хамрагдан, стандартын дагуу аюулгүй байдлаа хангах, хүчилтөрөгчийн бортгыг хантаазтай зөв холбох, усны гүнд дохиогоор ажиллах зэрэг дадлагыг хийсэн юм.
Мөн 12-13 метрийн гүнд найман аврагч дөрвөн цагийн гүний шумбалтыг хийж гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.