Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт” гэдэг газар мах боловсруулах цехийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 12:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, автомашинтайгаар 23 км зам туулан 12:41 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Зүүн төгрөг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 10 км зам туулан 19:25 цагт очиж, 34 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймэрт нийт 2 га орчим бэлчээрийн талбай шатсан/.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 04:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1,5 км зам туулан 04:57  цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт орох замд Хүлэмжийн автобусны буудлын хажууд автозамын зорчих хэсэгт зам, тээврийн осол гарч автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 02:26 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 6 км зам туулан 02:49 цагт очиход, “Хонда КРВ” загварын автомашин замын гэрлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, жолооч А /23 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад, иргэн С /24 настай, эрэгтэй/, Ч /23 настай, эмэгтэй/ нар хүнд хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны иргэн П /54 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 10.11-ний өдрийн 17:00 цагт /17:10 цагт/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 9 алба хаагч, цагдаагийн газрын 2 алба хаагч, орон нутгийн 6 хүн, нийт 17 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 23:20 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 10.12-ны өдрийн 00:27 цагт Хатгал тосгоноос баруун зүгт 5 км-т тал дээр явж байхад нь эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top