Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13-нд “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилготой “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг энэ жил дэлхий нийтээр “Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү олон улсын өдрийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагууд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.