Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн 40 жилийн ой өнөөдөр тохиолоо.
Ойн арга хэмжээнд ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, CХД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяр, Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ болон үе, үеийн удирдлагууд оролцсон юм.
Анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1978 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжаар Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын системийн орон тоонд багтаан Баянгол дах олон улсын пионерийн зусланд гал түймрээс хамгаалах болон хэв журам сахиулах үүрэгтэйгээр “Гал сэргийлэн хамгаалах пост” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй.
Улмаар тус ангийг 1990 онд гуравдугаар зэрэглэлийн Гал унтраах 11 дүгээр анги, 2004 оноос НОБГ-ын СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр анги болгон бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөсөн байна.
Өдгөө тус анги нь 30 гаруй алба хаагчтайгаар Олон улсын найрамдал цогцолбор, ОХУ-ын ЭСЯ-ны байр болоод улсын онц чухал объектуудын аюулгүй байдлыг хамгаалж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна.
Түүхэн 40 жилийн хугацаанд 400 гаруй удаагийн гамшгийн голомтод ажиллаж, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 23 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.