Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч -2018” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Нийслэлийн түүхт 379 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч-2018” тэмцээнийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас аваргаар шалгарсан БЗД-ийн 120 дугаар сургууль, Багануур дүүргийн 125 дугаар сургууль, БГД-ийн Сэтгэмж цогцолбор сургууль, СБД-ийн 4 дүгээр сургууль, СХД-ийн 105 дугаар сургууль, Налайх дүүргийн 103 дугаар сургууль, ХУД-ийн 34 дүгээр сургууль, ЧД-ийн 23 дугаар сургуулийн нийт 60 гаруй өсвөрийн аврагч сурагч оролцсон юм.
Сурагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэн, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.
Тэмцээний нийлбэр оноогоор нэгдүгээр байранд Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн “Нүүрэнтэйн Аврагч” бүлэг, хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн “Элит” бүлэг, гуравдугаар байранд СБД-ийн 4 дүгээр сургуулийн “Хар Ирвэс” бүлэг, тусгай байранд БЗД-ийн 120 дугаар сургуулийн “Тусгай” бүлгийн баг тамирчид тус тус шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.