Казакстан улсын Алма-Ата хотод 2014 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09-ны өдрүүдэд зохион явагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээний байлдааны тархалтын тэмцээний төрөлд манай баг тамирчид эхний тархалтаар 34.77 секундын амжилт, хоёр дахь тархалтаар 34.40 секундын амжилтыг үзүүлэн спортын мастер Д.Алтансүх, Д.Ганзориг, О.Батсайхан нар ГУТОТС-ын Олон улсын хэмжээний мастерийн болзолыг давтан биелүүлсэн байна.
Энэхүү амжилтыг үнэлэн ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон даргын зөвлөлийн гишүүд спортын мастер Д.Алтансүх, Д.Ганзориг, О.Батсайхан нарыг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Олон улсын хэмжээний мастер цол, үнэмлэхийг гардуулан өглөө.
Монгол Улсад 1956 оноос эхлэн гал сөнөөгчдийн гал унтраах ур чадвар, дадлагыг дээшлүүлэх, гал унтраах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор уралдаан тэмцээн зохион байгуулж ирсэн нь гал унтраах техникийн олон төрөлт спорт үүсэж хөгжих эхлэл болсон гэж үздэг.
Монголын Биеийн тамир спортын төв зөвлөлийн тэргүүлэгчдийн 1971 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор гал унтраах техникийн олон төрөлт спортыг БНМАУ-ын /хуучин нэрээр/ спортын нэгдсэн ангилалд оруулж, тамирчдад олгох цол зэргийн нормыг баталсан байдаг.
Үүнээс хойш манай баг тамирчид хуучин социалист орнуудын Галын байгууллагуудын баг тамирчдын дунд зохион байгуулдаг олон улсын тэмцээнд анх 1973 онд Болгар улсад зохион байгуулагдахад оролцсон бөгөөд түүнээс хойш 1986 он хүртэл тасралтгүй оролцсон. Энэхүү тэмцээн 2 жил тутам зохион байгуулагддаг байсан бөгөөд манай баг тамирчид Болгар-1973, Герман-1975, Чехословак-1977, ОХУ-ын Сочи-1979, Унгар-1981, ОХУ-ын Минск -1984, Польш-1986 улсад болсон тэмцээнд оролцож байсан арвин түүхтэй билээ.
ОХУ-ын Москва хотод 2002 онд зохион байгуулагдсан анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид оролцсон ба 2004 онд Беларусь улсын нийслэл Минск хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тодорхой шалтгаануудын улмаас оролцож чадаагүй.
Солонгос Улсын Жинжү хотод 2013 онд зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож довтолгооны шатны төрөлд Төв аймгийн Аврах гал унтраах ангийн захирагч онцгой байдлын дэслэгч Э.Энхбат 13,92 секундын амжилтаар дэлхийн шилдэг 20 тамирчны 19 дүгээр байранд багтсан, байлдааны тархалтын төрөлд багаараа 32.93 секундын амжилт гаргаж Монгол улсын рекордыг шинэчилсэн зэрэг амжилтуудыг үзүүлсэн юм.