Азийн сайд нарын хурлын үеэр хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлэв

DSC6230.jpg

  Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг өнгөрсөн 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан билээ.

  Тус хурлыг гамшгаас хамгаалах замаар тогтвортой хөгжлийг хангах бүс нутгийн болон дэлхийн үйл хэрэгт Монгол Улс манлайллаа харуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн чадавхыг бэхжүүлэхэд орон нутгийн болон үндэсний, улмаар бүс нутгийн хүчин чармайлтыг нэгтгэн уялдуулахад чухал ач холбогдолтой болсныг хуралд оролцогчид  болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антони Гутерриш нар өндрөөр үнэлсэн юм.

  Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулахад бүхий л талын дэмжлэгийг үзүүлж, хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлэх арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.

 Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд оролцож, хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлсэн юм.

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд Ази, Номхон далайн 50 улс орны Засгийн газар, 1500 байгууллагаас нийт 3500 төлөөлөгч хуран чуулж, гамшгаас хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааныхаа ололт, амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэн “Улаанбаатарын тунхаглал”, “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”, “Оролцогч талуудын мэдэгдэл” баримт бичгүүдийг батлан гаргасан. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаснаар ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшгийн  эрсдэлийг бууруулах олон нийтийн чадавхыг бэхжүүлэхэд  орон  нутгийн болон үндэсний цаашлаад бүс нутгийн хүчин чармайлтыг нэгтгэн уялдуулахад чухал ач холбогдолтой хурал болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top