Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говь, талын нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.    

   Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно. Салхи 21, 24-нд ихэнх нутгаар, 22-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудалд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 14:49 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 14:53 цагт очиж, “Сутайн-буянт” ХХК-ийн 43-68 УБУ улсын дугаартай нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

 Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүүний 14 дүгээр гудамжинд Иргэн  Ш-ийн амбаар шатаж гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 12:43 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 12:58 цагт очиж, 3х6 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжинд  Иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 15:03 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 15:10 цагт очиж, 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн “Төмөртэй” хорооллын 10 дугаар гудамжинд Иргэн О-ын эзэмшлийн “Эрдэнэ-Ус” дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 21:33 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 21:36 цагт очиж, 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр:Хэнтий аймгийн Дадал сумын Сөөхтэйн-Ам багийн “Онги-Эрээн” гэдэг газар  /сумын төвөөс баруун хойд  зүгт 75 км/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 15:45 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0287 дугаар ангийн 15 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 11 иргэн, 1 автомашинтай, нийт 38 хүн, 4 автомашинтай ажиллаж 20:25 цагт цурманд оруулж, 10.19-ний өдрийн 18:30 цагт бүрэн унтрааж тус сумын ЗДТГ-ын газрын дарга Э.Баасанхүүд хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 20 га талбай шатсан.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн Хилийн 0132 дугаар ангийн “Чулуун худгийн застав”  гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 12:59 цагт  хүлээн авсан.  Хилийн 0132 дугаар ангийн  4 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 27 иргэн, 1 автомашин, нийт 31 хүн, 2 автомашинтай ажиллаж мөн өдрийн 14:50 цагт бүрэн унтраасан тухай  Хилийн 0132 дугаар ангийн жижүүр хошууч Г.Ганбагана аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Түймэрт нийт 40 га талбай шатсан.

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 14:03 цагт хүлээн авсан.  Орон нутгийн 30 иргэн, 9 техник хэрэгсэлтэй ажиллаж мөн өдрийн 14:02 цагт түймрийг цурамд оруулж, 14:50 цагт бүрэн унтраасан. Түймэрт нийт 12 га талбай шатсан.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн Хилийн 0132 дугаар ангийн “Хар нуурын 7 дугаар застав” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км, аймгийн төвөөс зүүн  зүгт 230 км-т/ Хээрийн түймэр гарсан дуудлагыг 10.19-ний өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0132 дугаар ангийн 21 алба хаагч, 3 автомашин, орон нутгийн 63 иргэн, 6 автомашин, нийт 96 хүн, 10 автомашинтайгаар ажиллаж 10.20-ны өдрийн 04:00 цагт гал түймрийг бүрэн унтрааж тус сумын Засаг Ц.Аринболд, Чулуунхороот сумын Засаг даргын орлогч П.Гантулга нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 3500 га талбай шатсан.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын  Ёлт багийн “Хорон талын Цагаанчулуутын доод хэсэг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 360 км, сумын төвөөс урд зүгт 130 км-т/  Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.19-ний өдрийн 20:30 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, 1 мотоцикл, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар 23:57 цагт хөдөлгөөн үйлдсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)6 дугаар багийн   “Далан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/  Тус сумын харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр, мөн тус сумын харьяат иргэн Р /57 настай, эрэгтэй/ 10.13-ны өдөр тус тус “Хэрлэн” голд осолдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 18:00 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашин, 2 завьтай 10.19-ний өдөр Хэрлэн  сумын 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газраас “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын эрэг дагуу 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт Цагдаагийн байгууллагатай зөвшилцсөнөөр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top