Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

   Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

 Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Сүүж” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Малчин О-ийн 5 ханатай гэр, малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 22:25 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан  23:08 цагт очиж, 42 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжинд Иргэн Ч-ийн эзэмшлийн  “Фамили” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 03:50 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тасаг 6 км замыг туулан 03:58 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Бага мухарт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Тус сумын харьяат малчин Н-ын хүү К /12 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 10.22-ны өдрийн 19:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 23:23 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 2 иргэн, 1 автомашин, нийт 6 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10.23-ны өдрийн 02:30 цагт К-ыг Баянгол сумын Баян багийн “Бага мухарт” гэдэг газраас /гэрээсээ урд зүгт 2 км-т/ осголтын байдалтайгаар эсэн мэнд байсныг олж, аав Н-д хүлээлгэн өгсөн. 

Усны осол: Увс аймгийн Тэс сум Нуур багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/ Тус сумын харьяат иргэн Б/21 настай, эрэгтэй/ 10.19-ний өдрийн 07:00 цагт  Жирээ голд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 12:50 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 28 иргэн, 3 автомашин, 4 мотоцикл, 10 морь, нийт 33 хүн,  18 техник хэрэгсэлтэйгээр 10.22-ны өдөр Нуур багийн “Цагаан бураа”, “Хариг”, “Хөндий гуривын-Адаг”, “Чирээгийн-Адаг”, “Таар” гэдэг газруудаар 35 км-т самналт хийж, “Жирээ” голын эрэг дагуу 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:05 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 10.23-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.  

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн “Батхааны гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 123 км-т, сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат иргэн  Б /37 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голоор морьтой гаталж яваад осолдсон тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 18:37 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 5 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 1 автомашин, 4 мотоцикл, нийт 40 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 10.22-ны өдөр  тус сумын Батхаан багийн “Батхаан гүүр” гэдэг газраас “Цементэн гүүр” гэдэг газар хүртэл 24 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:03 цагт “Харуул толгой” гэдэг газар /осолдсон газраас 450 м-т/ “Хэрлэн” голоос цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.   

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  

 

scroll to top