Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Увс нуур болон Их нууруудын хотгороор 0-5 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27, 28-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн зүүн хагаст, 26-28-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 25-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Магнай-Алтай” ХХК-ий барилгын манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 00:44 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 00:50 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Б /66 настай, эрэгтэй/-ын нүүр, 2 гар түлэгдсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны 2/Б хэсгийн задгайд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 13:04 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 11 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 13:10 цагт очиход тус дүүргийн харьяат иргэн Х-ийн малын тэжээлийн агуулах, үйлдвэрийн зориулалтай 14х15 метрийн хэмжээтэй сендевчин барилга, 2000 гаруй боодол малын тэжээл шатаж гал түймэр дэлгэрсэн байсан тул нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай, нийт 18 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр 23 км замыг туулан 13:35 цагт очиж, 10:00 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн11 дүгээр хороо, Хонхор өртөө Булагчины 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 01:00 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 3 автомашинтай 24 км замыг туулан 01:29 цагт очиж, иргэн Э-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин, 4х4 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Б-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 2 м3 банз  шатаж байсныг 01:20 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэй 16 дугаар гудамжинд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 01:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 01:21 цагт очиж, иргэн Т-ын 3х9 метрийн хэмжээтэй “Хуушуур хаус” шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 04:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 04:45 цагт очиход 5 ханатай гэр,“Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэр, хаяг, нас хүйс  тодорхойгүй 3 том хүн, 2 хүүхэд өртөж нас барсан байсан, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Төөрсөн: Төв аймгийн Эрдэнэ сумын “Тэмээн хүзүү” гэдэг газар /Тэрэлж амралтын газраас хойд зүгт 62 км-т/ 2 автомашин цасанд боогдож, шаварт суусан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 08.14 цагт  хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 2 алба хаагч, 1 автомашин, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашин, нийт 6 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 132 км замыг туулан 22:00 цагт очиж, 08:35 цаг ажиллаж, тус аймгийн Эрдэнэ сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 75-85 УНХ, 35-33 УНБ улсын дугаартай ЗИЛ-130 загварын ачааны автомашиныг шавраас татан аюулгүй газарт гаргасан. 

Усны осол: Увс аймгийн  Тэс сумын Нуур багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/  тус сумын харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ 10.19-ний өдрийн 07:00 цагт Жирээ голд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 13 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 35 иргэн, 4 автомашин, 4 мотоцикл, 10 морь, нийт 48 хүн,  20 техник хэрэгсэлтэйгээр 10.23-ны өдөр Нуур багийн “Жиргээгийн гол”, “Их голын эрэг” гэдэг газруудаар 45 км-т самналт хийж, “Жирээ” голын эрэг дагуу 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:50 цагт түр зогсоосон. 10.24-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.  

 Бусад:Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо “Баянхайрхан” дэлгүүрийн урд бохирын шугамын худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 12:37 цагт  хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 9,5 км замыг туулан 12:56 цагт очиж, 09 минут ажиллан хаяг тодорхойгүй, иргэн М /51 настай, эрэгтэй/-ийг бохирын шугамын худагт унасан байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 
scroll to top