Япон Улсын Сендай хотноо 2015 онд зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн III бага хурлаас гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх дэлхийн хэмжээний 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг дэлхийн 187 орон санал нэгтэйгээр баталсан байдаг.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 355 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ, баримт бичгийг орон нутагт хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг баруун бүсийн төвийн Онцгой байдлын газруудыг хамруулан Увс аймагт зохион байгуулж байна.
Сургалтыг ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Баянмөнх, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын сургалтын төвийн хөтөлбөрийн ажилтан Ана Кристина Торланд нар удирдан явуулж байгаа юм.
Сургалтаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр батлагдсан баримт бичгүүдийн уялдаа холбоо, аюулгүй, гамшигт тэсвэртэй хот хэрхэн бий болгох чиглээр сургалт зохион байгуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн төлөвлөгөө боловсруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.