Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг тогтоох” журам батлагдлаа.
Энэ журмаар гамшгийн ангилал, төрлөөс нь хамааран тухайн нутаг дэвсгэрт гарсан аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, эрчимжилт, үргэлжлэх хугацаа, хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчны өртсөн байдал, хамарсан цар хүрээ, учирсан хохирлын хэмжээг илэрхийлэх шалгуур үзүүлэлтийг тогтоож, орон нутгийн болон бүсийн, улсын хэмжээний гамшиг гэсэн зэрэглэлийг тогтоогоод байна.
Гамшгийн зэрэглэлийг гамшигт нэрвэгдсэн болон амь насаа алдсан хүний тоо, хамарсан нутаг дэвсгэрийн хэмжээ, хор уршгийг арилгахад оролцсон хүн хэрэгсэл зэргийг харгалзан үзэж орон нутагт шар өнгөөр, бүс нутгийн хэмжээнд улбар шар өнгөөр, улсын хэмжээнд улаан өнгөөр тогтоохоор тусгажээ.
Журам батлагдснаар гамшгийг тодорхойлох аргачлал, гамшгийн зэрэглэл ойлгомжтой болж, орон нутгийн болон бүс, улсын хэмжээнд учирсан гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг удирдлага зохицуулалтаар хангах асуудал тодорхой болж, дээд шатны удирдлага, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.