Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрч  Увс нуурын хотгор, Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 12:03 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 12:11 цагт очиж, 15х4 метрийн хэмжээтэй байшингийн хана хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 12:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 12:47 цагт очиж, 11 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Т /4 настай, эрэгтэй/ угаартаж ухаан алдсан байсныг тус сумын харьяат иргэн Б аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Т нь 3 дугаар зэргийн түлэгдэлттэй, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай 3 км замыг туулан 16:48 цагт очиж, 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан-Эрэг багт хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 17:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 17:13 цагт очиж, 1 автомашин задгай өвс шатаж байсныг 1 цаг 22 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 17:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай 4 км замыг туулан 17:45 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Морь бариа” гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн зүгт 58 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Орхон аймгаас Булган аймгийн Бугат сумын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн эзэмшлийн “Даевоо” загварын бетон зуурмаг тээвэрлэгч автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 20:51 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 21:08 цагт очиход Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Э /51 настай, эрэгтэй/ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багийн “Далан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ тус сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр Хэрлэн голын усанд живсэн тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 10.17-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 10.19-ний өдрийг хүртэл, мөн 24, 25-ны өдрүүдэд тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10.26-ны өдөр зогсоосон. ОБЕГ-ын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 2 завь, 1 автомашинтай 10.31-ний өдөр тус аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газраас тус сумын 5 дугаар багийн “Станцын амралт” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын эрэг дагуу 25 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. 11.01-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Бусад: Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Аягийн-Ам” гэдэг газар Дорноговь аймгаас Сайхандулаан сумаас Төв аймгийн Баяндэлгэр сумын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашин /4 том хүн, 3 хүүхэд, нийт 7 зорчигчтой/ шаварт суусан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 17:35 цагт хүлээн авч Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 22 км замыг туулан 18:50 цагт очиж, 20 минут ажиллан автомашиныг татан гаргаж иргэн Э-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top