Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2014 онд “Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлж, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлнэ” гэсэн үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэхүү зорилтын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнөөгийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгөх, урьдчилан сэргийлэх ажлыг цаашид хэрхэн үр дүнтэй, шинэлэг хэлбэрээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулан явуулах арга замыг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс өнөөдөр “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний бага хуралд ГСХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, онцгой байдлын хошууч, доктор (Ph.D) Д.Сэржмядаг “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах боломж, онцгой байдлын дэд хурандаа С.Хүрэлсүх доктор (Ph.D) “Сумын түвшинд гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн мэргэжилтэн ажиллуулах үндэслэл”, онцгой байдлын ахлах дэслэгч, докторант, судлаач-химич П.Чимэдцэрэн “Химийн бодисын эрсдэлийг бууруулах боломж”, эрдэм шинжилгээний ажилтан, онцгой байдлын ахмад Б.Энхтүвшин “Гал түймрийн эрсдэлийг бууруулах арга зам”, ГТТГ-ын мэргэжилтэн, онцгой байдлын хошууч магистрант Д.Бадамсүрэн “Объектын гал түймрийн статистик судалгаа, гал түймрийн хяналтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” Онцгой байдлын сургуулийн 641-р дамжааны сонсогч Б.Билгүүнбаатар “Гамшгаас урьдчилан сэргийлэх арга замыг боловсронгуй болгох зарим асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавьлаа.
Жил бүрийн 11 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан уг эрдэм шинжилгээний бага хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар Гамшиг судлалын хүрээлэнгийн 60 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн оролцож гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцлоо.