Монгол Улсын Шадар сайдын Төв аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, аймгийн ИТХ-ийн дарга Б. Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал нарын удирдлагууд оролцсон юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 14 алба, мэргэжлийн 26 ангийн нийт 540 гаруй хүн, 46 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.
Төв аймгийн хувьд хамгийн олон буюу 27 сумтай, 17 мянган хүн амтай. Сүүлийн жилүүдэд ой хээрийн түймэр, цасан болон шороон шуурга, хүн малын гоц халдварт өвчин, үер, усны осол, ихэвчлэн тохиолдож байгаа юм.
Тиймээс Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлаар үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.