Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус хүйтэн, говь талын нутгаар 3-8 градус, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с байна.

Төлөв байдал: 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгаар, 10, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 9-нд Алтайн уулсаар, 10, 11-нд баруун аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 11:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 11:50 цагт очиж,  12х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 11:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 12:03 цагт очиж, 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт өвөлжөө, задгай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 13:28 цагт очиж, 8х4 метрийн хэмжээтэй өвөлжөө, 4 автомашин задгай өвс шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Архангай аймгийн Ихтамир сумын Цагаан даваа багийн “Туулайн булаг”  гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ иргэн Б-гийн эзэмшлийн “Ланд круйзер 105” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, /2 зорчигчтой/ автомашины хаалганд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 06:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай 07:29 цагт очиж, Ихтамир сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд зорчиж явсан нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Б /59 настай, эрэгтэй/ автомашины хаалганд хөлөө хавчуулсан байсныг гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн “Салааны гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 38 км-т/ тус сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/ 10.29-ний өдрийн 20:00 цагийн орчим мотоцикльтой явж байгаад эхнэр Ж-тай утсаар холбогдон “Тэлмэн” нуурын хажууд элсэнд суугаад явж болохгүй байна гэж хэлээд сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 20 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, ар гэрийн 20 хүн, нийт 76 хүн, 10 автомашин, 3 завьтайгаар 11.06-ны өдрийн байдлаар “Тэлмэн” нууранд 150х75 метр талбайн мөсийг зүсэж усны гүнд хайгуул хийж, нуурын эрэг орчмоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:15 цагт түр зогсоосон. 11.07-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top