Т.Сейтмурат, С.Асербек, З.Далайбай нар үхэл амьдралын заагаас буцжээ. Хэрэв Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн дөрөвдүгээр бүлгийн залуус хэдхэн секундын л хугацаа алдсан бол дээрх гурван залуу харамсалтайгаар нартаас буцаж, хайртай гэргий нь эр нөхрөө, ангаахай бяцхан үрс нь өнчирч, гурван айл эзгүйрч үлдэх байлаа. Тэдний амь минут, секундээр хэмжигдэж, амьд үлдэхийн төлөө тэмцэлдэж байсан гэнэ. Залуус уурхайн цооног нүхийг тэр чигт нь дарсан шавар, чулуутай шороог нэг нэгээрээ ээлжлэн гарынхаа шууны шөрмөсийг зангиртал дотроос нь самардаж байсан гэнэ. Харин аврах багийн залуус гаднаас нь хөлсөө дуслуулан дөрвөн цаг тасралтгүй зүтгэсэн байна. Нар уулын цаагуур жаргах гэж баруун талын хөх уулын дээгүүр зэсэн улаан туяагаа цацруулан байхад эхэлсэн аврах ажиллагаа үдшийн гялаан түгж, сартай саруулхан шөнөөр сая нэг дуусчээ. Битүү булаатай шороон доороос амьд гарч ирсэн залуусыг ойр дотных нь тэврэн авч, Яаралтай түргэн тусламжийн эмч нар үзлэг хийх үеэр духныхаа хөлсийг арчиж зогссон аврагчид “Амьд гаргаж ирж чадлаа шүү. Гар сарвайгаад ядарсан байна” хэмээн хоорондоо намуухан ярилцсаар аврах хэрэгсэл, тоног төхөөрөмжөө хураан зогсож байжээ. Энэхүү осол Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэр Сүмбэр худаг компанийн талбай, “Билгүүн сар” нөхөрлөлийн цооногт энэ сарын 25-ны өдөр гарсан юм. Бид аврагчид гурван хүний амийг аварсан талаар нэхэн сурвалжилж, уншигч та бүхэнд хүргэж байна.
ЗУУН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ УУРХАЙД 180 ГАРУЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх уурхай нийслэлчүүдийг нүүрсээр хангадаг болоод зуун жилийн нүүр үзэх гэж байна. Тэртээ 1900 оны эхэн үед хятадууд энэ хонхороос нүүрс олборлож эхэлсэн түүхтэй. Харин 1922 онд Налайхын улсын үйлдвэр болсон юм. Өөрөөр хэлбэл, зуун жил нийслэлчүүд Налайхын гялгар хар нүүрсийг өвлийн хүйтэнд түлж, гэрээ дулаацуулж, өвлийг өнтэй давж байна. Тортог багатай, мод шиг асалт сайтай, илчтэй нүүрс хэмээн хүмүүс энэ уурхайн нүүрсэнд ам сайтай байдаг. Энэ ч утгаараа эрэлт хэрэгцээ ихтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд Налайхын уурхайн нөөц дуусч, хувийн компани нөхөрлөл, газрыг нь оготно шиг сэндийчлэн энд тэндээс нь ухаж, бага багаар нүүрс гаргаж байгаа билээ. Мөн үүнийгээ дагаад уурхайн осол аваар тасралтгүй гарах болсон. Бүр Налайх дүүргийг сүүлийн үед үхлийн хөндий хэмээн нэрлэх болсон аж. Нүүрс ухаж амьдралаа залгуулах гэсэн олон залуус уурхайн цооногт шороонд дарагдаж, халуун амиа харамсалтайгаар алдсаар байгаа юм. Өвлийн улиралд Налайхын уурхайд гарсан ослын талаар мэдээ тасралтгүй гардаг. Сүүлийн 20 орчим жилд Налайхын уурхайд 180 гаруй хүн амь насаа алдсан байна.
Т.СЕЙТМУРАТ: БИ УУРХАЙН ХАРАНХУЙ НҮХЭНД ҮХЭЖ БАЙГААГАА МЭДЭРСЭН. ТЭГЭЭД “АМЬД ГАРАХ ЮМСАН, ҮХЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ” ГЭЖ ӨӨРТӨӨ ХЭЛЭЭД ШОРОО САМАРДСАН
Бид Налайхын уурхайд амь насаа алдах дөхсөн Т.Сейтмуратыг зорин очлоо. Түүнтэй хамт байсан З.Далайбай, С.Асербек нар гэртээ эзгүй байсан юм. Тэрбээр Дархан-Уул аймгаас 1992 онд Налайхад нүүн иржээ. Т.Сейтмурат өдгөө 41 настай. Эхнэр, гурван хүүхдийн хамт тус дүүрэгт амьдарч байгаа юм. Түүнтэй уулзаж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах анги дээр очиж ярилцлаа.
-Юуны өмнө уурхайн нуралтаас амьд гарсанд баяр хүргэе. дөрвөн цаг агааргүй шахуу нүхэнд байсан гэсэн. таны амьд гарсан түүхийг яриулах гэсэн юм?
-Амьд гарсандаа үнэхээр их баяртай байна. Тухайн үед юу болсон талаар эхлээд ярьсан нь зөв байх. Энэ сарын 25-нд нутгийн ахынхаа уурхайд ажиллахаар өглөө эрт очсон юм. Гэрээсээ 08:30 цагт гарсан.Манай эхнэр багш мэргэжилтэй, хүүхдүүд маань цэцэрлэг, сургуульдаа явсан. Хүүхдүүддээ “Аав нь орой мөнгөтэй болоод дуртай зайрмагийг нь авч өгнө” гэж хэлээд л гарсан. Сүүлийн хэдэн сар ажилгүй байгаа юм. Ар гэрээ тэжээхийн тулд уурхайд очиж ажиллахаар шийдсэн. Өдөрт 40-50 мянган төгрөг олдог гэхээр нь очсон. Ингээд З.Далайбай, С.Асербек нартай уурхайн гүн рүү орсон. Өдөржин нүүрс ухаж, ковшинд ачсан. Хоёр гурван ковш нүүрс гаргачихаад бууя гэж хоорондоо ярилцаж байсан юм. Ковш ямар нэгэн саадгүй ажиллаж байсан. 18:00 цаг болох гэж байх үед дүүрэн нүүрс ачсан ковшоо дээш нь татсан. Гэтэл гэнэт тэр хавийн цахилгаан тасарчихсан. Тэгснээ пүр пар хийх бүдэгхэн дуу гараад агааржуулагч ажиллахаа больсон. Бид гурав эхлээд цахилгаан тасарлаа гэж бодсон болохоос нуралт үүссэнийг мэдээгүй. Ингээд дээшээ чийдэн тусгаад өгсөж үзтэл ковшны тэнд нуралт үүсч, ойр хавийг тэр чигт нь шороо, шавраар дараад, гарах ямар ч боломжгүй болчихсон байсан. Агааржуулагч ажиллахгүй болж, агааргүйтэж эхэлсэн. Эхлээд бид гурав сандарсан. Нөгөө хоёр сандралдаж, тамхи асаах гэж хүртэл оролдсон. Надад тухайн үед нуралт үүсэн шороог зайлуулаад гарц гаргая гэж бодогдсон. Ингээд нуралт үүссэн газрын шороог самардаж эхэллээ. Шавартай болохоор үнэхээр хэцүү байсан. Дээр нь агаар маш бага, амьсгалж болохгүй хоолой боогдоод, хар хөлс цутгаад байлаа. Бид гурав ээлжилж ухаж байв. Тэгсэн хэн нэгэн “Хүн байна уу. Амьд байна уу” гээд л хашхирах чимээ сонсогдсон. Бид гурав ч чадах чинээгээрээ орилж, хашхирч, амьд байгаа гэдгээ мэдэгдсэн. Надад тэр үед бодогдож байгаа зүйл юу гэхээр “Аврагч нар цаг алдалгүй ирээсэй. Тэд л биднийг аварч чадна” гэж бодогдож байлаа. Өмнө нь манай Уул уурхайн аврах ангийн залуусыг ажилдаа сайн. Олон хүний амь аварч байсан гэдгийг сонсч, дуулж байсан юм шүү дээ. Цаг явахын хэрээр агааргүйтэж, амьсгал давхцаад хэцүүдэж эхэлсэн. Яах учраа олохгүй амь тэмцээд амьсгалж чадахгүй дотор давчдаад л толгой дүүрээд байлаа. Ойролцоогоор 30 гаруй минут болсон байх. Тэр үед “Ингээд үхдэг юм байж, яах гэж энд ирэв, амьд үлдэх юмсан. Би амьдармаар байна. Үхэж болохгүй шүү” гээд л бие биенийгээ зоригжуулаад хашхираад байлаа. Нуралтны шороог л сэтэлчихвэл амьд гарах гээд байдаг. Гэвч санаснаар болохгүй, замд тээглэж нурсан шороог холдуулж чадахгүй, хий самардаад л байлаа. Гарны шөрмөс татаж хөдөлж чадахгүй болчихсон ч хүчээ шавхаад л устай шавар ухаад байсан даа. Би тэнд үхэж байгаагаа мэдэрсэн. Ингээд л үхэх нь гэж надад бодогдоод нүднээс нулимс цийлэгнэж, дотор хар юм тээглээд байгаа юм шиг л санагдсан. Эхнэр, хүүхдүүд минь нүдэнд харагдаад яаж ийж байгаад л амьд үлдчихсэн юмсан гэж бодож байлаа. Магадгүй намайг ингэж ярихаар олон хүн шоолж, тохуурхаж магадгүй. Үнэндээ үхэлтэй нүүр тулаад, яах ч аргагүй болж, арга мухардсан үед хүнд ийм л зүйл бодогдож, амьд гарахын төлөө эцсээ хүртэл тэмцье гэж бодогддог юм байна лээ. Хамт байгаа З.Далайбай ахын даралт ихэсч, С.Асербек дүү уйлж эхэлсэн. Би тэр хоёрыг тайван байлгах ёстой гэж бодоод “Гурвуулаа амьд гарч байгаад өмхийртлөө тамхи татна. Долоо хоног навсайтал архи ууна шүү” гээд л хөгжөөх маягтай ярилаа.
Тэд ч миний ярьж байгааг сонсоод тайвширч эхэлсэн. Тэгсэн Онцгой байдлын аврагч нар цаанаас нь нуранги, шороог ухаж байгаа нь сонсогдсон. Эхлээд бүдэгхэн пүн, пүн гээд л ямар нэгэн зүйл цохиод байгаа юм шиг л сонсогдсон. “Хүн байна уу. Та нар тэсээрэй. Бид та нарыг аварна. Гол нь тайван байгаарай” гэж хэлэх сонсогдлоо.
-Тэгээд юу болсон бэ?
-Ямар нэгэн зүйл бүдэгхэн тогшоод байгаа чимээ улам тодорч байгаад бэхэлгээний банзан доогуур турбо гараад ирсэн. Үзүүрт нь ажлын цагаан бээлий чихсэн 50-ын турбо байсан. Тэр турбо бидэнд амьдрал бэлэглэсэн. Амьд гарч ирэх эхлэлийг тавьсан. Турбоны үзүүрт байх бээлийг сугалаад автал цэвэр агаар цэлсхийтэл ороод ирсэн. Турбоны үзүүрийг амандаа үмхэж аваад л урт урт амьсгаа авлаа. Нөгөө хоёр маань ч турбо руу зэрэг дайрлаа. Агаарын дутагдалд ороод үхэх гэж байгаа болохоор амьд үлдэх гэж амь тавьж байгаа нь тэр. Турбоны нүхээр амьсгалж, Онцгой байдлынхныг гарц гаргахыг хүлээсэн. Бид ч агаар амьсгалсан болохоор өмнөөс нь ухсан даа. Багцаагаар гурван цаг орчим болж байхад хоёр талаас их ойртож байгаа нь мэдрэгдсэн. Тэгсэн аврагчийн каск малгайны бололтой гэрэл ус нь шүүрсэн шавар дотроос туссан. Гэхдээ шүдэнзний толгойн чинээ жижигхэн гэрэл харанхуй нэвтлэн туслаа. Тэр үед “Би амьд гарах нь. Би эндээс амьд гарч чадах нь” гэж бодогдож, урам зориг орж ирсэн. Шүдэнзний толгойн чинээ гэрэл эндээс амьд гарна гэсэн итгэл найдварын гэрэл байлаа. Нөгөө жижигхэн гэрэл бага багаар томорсоор аяганы амсрын чинээ болж, мэлтэсхийсэн. Тэгээд гэрлийн тусгал улам бүр томорч, хүний толгой багтахаар болсон доо. Тэгсэн Уул уурхайн аврагч “Жижигхэн биетэй нь эхлээд энэ олсоор өөрийнхөө цээжээр хүл. Биеэ чангалж болохгүй шүү. Хананд хүрвэл дахин нуралт үүснэ. Биеэ сул тавь” гэж тайван хэлсэн. Хамт байсан хоёрыг энэ янзаар татаад гаргалаа. Би ганцаараа үлдэж, яг оосорлож аваад татах гэж байтал дахин нуралт үүсчихсэн. Хав харанхуй нүхэнд ганцаараа үлдсэн дээ. Нуралт үүсэх үед хүмүүс хашхирах шиг болсон. Тийм болохоор аврагч нарыг шороонд дарагдчихлаа гэж бодоод, “Би аврагдахаасаа өнгөрлөө. Би ямар азгүй юм бэ” гэж бодсон.
-Ганцаараа хэдэн цаг байв?
– Цаг орчим ганцаараа байсан байх. Аврагч нуранги шороог ухсаар байгаад л намайг аварсан. Нүхнээс арай гэж гараад иртэл бөөн хүмүүс зогсчихсон. Хэдэн талаас тэвэрч аваад байгаа нь мэдрэгдсэн. Хүйтэн агаар цээж дүүрэн амьсгалж, “Амьд байх ямар сайхан юм бэ” гэж бодсон. Удалгүй шоконд ороод эмнэлэг рүү явсан даа. Надаас түрүүлээд гарсан хоёр маань дүүргийн эмнэлэгт очиж тайвшруулах тариа хийлгэчихээд миний араас санаа зовоод эмнэлгээс гараад явж байхдаа надтай таарсан. Бид гурав амьд гарсан гэж бөөн баяр болж, эмнэлгийн өрөөнд сүүтэй цайтай цуйван идээд л бие биенийгээ шоолж баахан инээлдсэн. Амьд гарсандаа үнэхээр баяртай байгаа. Уул уурхайн аврах ангийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа дахин дахин хэлмээр байна гэв.
Д.БАЯРЖАРГАЛ: ХЭДИЙГЭЭР МАШ ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАСАН Ч БИДНИЙ ҮҮРЭГ ТЭДНИЙ АМИЙГ АВРАХ ШҮҮ ДЭЭ
Т.Сейтмурат, С.Асербек, З.Далайбай нарын амь насыг аварсан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн дөрөвдүгээр бүлгийн залуус биднийг очих үед гараатай байж таарав. Бүлгийн ахлагч ахлах дэслэгч Д.Баяржаргалтай уулзлаа. Тэрбээр “Манай бүлэг энэ сарын 25-ны өдөр гараатай байсан. 18:09 цагт манай ангид “Гурван хүн шороонд дарагдаад гарч чадахгүй байна” гэсэн дуудлага ирсэн. Бид дуудлага авсан даруй ослын газар очсон. Биднийг очих үед нөхцөл байдал их хүнд байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж, ковшоор нүүрс татах үед бэхэлгээний араам нурсан. Үүнээс үүдэлтэйгээр нуралт үүссэн болох нь тодорхой байсан. Биднийг очих үед гурван хүн амьд ч дахин нуралт үүсэх аюул өндөртэй байлаа. Бид багаараа орж, нуралт үүсэхээс хамгаалж, бэхэлгээ хийж, агааржуулалт оруулах ажиллагаа шуурхай хийсэн. Үүний үр дүнд гурван хүний амь насыг аварч чадсан. Бид дөрвөн цаг тасралтгүй ажиллаж, тэр хүмүүсийг гаргаж авсан. Хэдхэн л секундын хугацаа алдах юм уу, буруу тактикаар ажилласан бол тэд амь насаа алдах өндөр эрсдэл дунд байсан. Ус нь шүүрсэн шар шавар ухах маш хэцүү. Дээрээс нь дахин нуралт үүсэх гээд энд тэндгүй шороо нурж байсан. Үнэхээр хүнд нөхцөлд аврах ажиллагаа өрнөсөн. Гэхдээ хүмүүсийг аврах нь бидний үүрэг шүү дээ. Манай бүлэг гэхэд сүүлийн жилүүдэд 200 гаруй хүний амь аварсан байна. Хэдийгээр аюултай гэдгийг урьдчилж хэлж, аюулгүй байдлыг хангахыг удаа дараалан анхааруулсаар байдаг. Гэвч хүмүүс нүүрс ухах гэж нүх рүү орж, амь насаа эрсдэлд оруулсаар байдаг нь харамсалтай” гэв.
Т.Сейтмурат, С.Асербек, З.Далайбайнар ус уух хувьтай байжээ. Тэд амьд гарсандаа баярлаж, амь насанд аюул багатай, эрсдэлгүй ажил хийхээр шийдсэн гэсэн.Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн дөрөвдүгээр бүлгийн шижигнэсэн залуус бусдад амьдрал бэлэглэж, эрдэнэт хүмүүний амь аврах гэж цаг нартай уралдан ажиллаж байна. Олон зуун хүний амь аварсан залууст чин сэтгэлээсээ баяр хүргэе. Магтуулж, алдаршуулахгүй юм бол гавьяа байгуулахын хэрэг байхгүй гэсэн үг байдаг. Тийм ээ, Д.Баяржаргал ахлагчтай дөрөвдүгээр бүлгийнхнийг магтан сайшаая. Тэд хүний алтан амь авардаг эгэлхэн бөгөөд амьд домог болсон баатрууд мөн ажээ.
Эх сурвалж: Өдрийн сонин