Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 10:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 10:32 цагт очиж, 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 10:35 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн “Верна аксент” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт хамхуул өвс шатааж байгаад гал алдлаа гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 11:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км замыг туулан 11:26  цагт очиж, иргэн  Б-гийн эзэмшлийн 10 метр хашаа, 2×1 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт дэрс шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 16:16 цагт очиж, 4 га талбайн дэрс шатаж байсныг 57 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гараашийн гадна дулаалга шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 16:52 цагт очиж, “Ану” төвийн өргөтгөлийн 12х3 метрийн хэмжээтэй гараашийн гадна дулаалга, дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хойд талын автомашины зогсоолд машин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 18:52 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 19:06 цагт очиж, иргэн Т-гийн эзэмшлийн “Верна” загварын суудлын автомашины бүхээг, хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 20:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 20:51 цагт очиж, 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн “Мандал хайрхны-Өвөр” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 14:01 цагт хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай 15 км замыг туулан 15:02 цагт очиж, 25 га бэлчээрийн талбай шатаж байсныг 01 цаг 20 минут ажиллаж, хээрийн түймрийг 16:22 цагт бүрэн унтраасан.

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Галзуу хар” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 14:32 цагт хүлээн авч Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 10 албан хаагч, нутгийн захиргааны байгууллагын 26 хүн, нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, нийт 44 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр 50 км замыг туулан 115 га бэлчээрийн талбай шатаж байсныг 02:00 цаг ажиллаж, хээрийн түймрийг 17:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн таван салааны гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ Дэлгэрхаан сумын харьяат иргэн С /52 настай, эрэгтэй/ “Таван салааны хяналтын цэг”-ээс 11.08-ны өдрийн 01:00 цагт гэр рүүгээ харина гэж яваад сураггүй болсон /гэр хүртэл 1 км орчим зайтай/ тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 08:24 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын 40 хүн, 10 морь, 2 автомашинтай эрлийн ажиллагааг “Хэрлэнгийн таван салааны гүүр”-нээс эхлэн зохион байгуулсан. 11.10-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын 7 алба хаагч, ЗДТГ-ын 15 албан хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 42 хүн, 6 автомашин, 10 морьтой 2 бүлэгт хуваагдан “Таван салааны гүүр”-нээс “Хэрлэн” голыг уруудаж 10 км-т мориор болон явганаар эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:32 цагт түр зогсоосон. 11.11-ний өдрийн 08:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Нарийны гол”-ын “Хадан хошууны гарам” гэдэг газар өндөр настай хүн зорчиж явсан автомашин голд суусан, гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 18:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн 3 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 20:15 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Б-гийн эзэмшлийн “Королла” загварын суудлын автомашин “Нарийны гол”-д суусан байсныг татан гаргаж, иргэн Б /66 настай эрэгтэй/, иргэн П /66 настай эмэгтэй/, иргэн Б /18 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргасан.

Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 26 дугаар байрны автомашины зогсоолд бага насны хүүхэд автомашинд цоожлогдож гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 19:11 цагт очиж, тус дүүргийн харьяат М /9 настай, эрэгтэй/ улсын дугааргүй ачааны зориулалтай бага оврын автобусны ачааны хэсэгт цоожлогдсон байсныг гаргаж, эмээ Ц-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top