Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 8-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16-нд баруун аймгуудын нутгаар, 17, 18-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 10:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 10:34 цагт очиж, 5х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн таван салааны гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ Дэлгэрхаан сумын харьяат иргэн С /52 настай, эрэгтэй/ “Таван салааны модон гүүрний хяналтын цэг”-ээс 11.08-ны өдрийн 01:00 цагт гэр рүүгээ харина гэж яваад сураггүй болсон /гэр хүртэл 1 км орчим зайтай/ тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 08:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, ар гэрийн 4 хүн, орон нутгийн 20 иргэн, нийт 31 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 11.13-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:10 цагт тус сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн таван салааны гүүр” гэдэг газраас /осолдсон газраас 1 км-т/ “Хэрлэн” голын уснаас иргэн С-ийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн нутаг “Хустайн” даваанд /сумын төвөөс зүүн урд зүгт 26 км-т/ Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд /5 зорчигчтой/ иргэн Э-гийн эзэмшлийн “Приус 11” загварын суудлын автомашинтай зорчиж явсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн харьяат иргэн А /47 настай, эрэгтэй/ бие засах гэж буугаад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 22:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 4 алба хаагч, нийт 11 алба хаагч, 2 автомашинтайгаар “Хустайн даваа”-аас урд зүгт 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад 11.13-ны өдрийн 12:17 цагт “Иргэн А нь Улаанбаатар хотын чиглэлд “Урьхан” зоогийн газар дээр эсэн мэнд явж байна, өөрөө надтай утсаар холбогдлоо” гэж ах Д нь тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 12:25 цагт зогсоосон.
Усны осол /эрэн хайх, аврах/: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн Ж /48 настай, эрэгтэй/ загас барихаар 11.12-ны өдрийн 13:00 цагийн орчим завьтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 19:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийн 12 хүн, орон нутгийн 1 иргэн, нийт 22 хүн, 4 автомашинтайгаар 3 бүлэгт хуваагдан 11.13-ны өдөр “Хар нуур”-ын эрэг дагуу болон “Их-Авгаш”, “Бага-Авгаш” арал орчмоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон. Мөн өдрийн 16:00 цагт “Их-Авгаш” арлын зүүн урд талын эргээс тухай иргэний хэрэглэж байсан завь болон сэлүүрийг /Ө-48°20’48.35″, У-96°09’20.37”/ хөвж явахад нь олсон. 11.14-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР