Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт болоод төрийн жинхэнэ алба хаагчдын түвшин тогтоох суурь судалгаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулах ОБЕГ-ын ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байгаа билээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагуудад ажиллаж, үзлэг, шалгалтыг зохион байгуулаад байна.
Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сумын Онцгой байдлын хэлтэст ажиллаж байгаа бол ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.
Харин ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Увс аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа бол Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа юм.
Шалгалтаар тухайн газар, хэлтэс, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж байгаа юм.
Түүнчлэн “Төрийн албаны тухай” (шинэчилсэн найруулга) хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан удирдамжийн дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газар,хэлтэс, анги, байгууллагуудын алба хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.